Ам.доллар болон алтны ханш тогтвортой байна

Investing.com-Азийн зах зээлд алт болон ам.долларын ханш Пүрэв гаригт тогтвортой түвшинд хадгалагдлаа. Комекс бирж дээр ирэх 2 дугаар сард биелэх алтны фьючерс ханш хамгийн сүүлд 1,250.4 ам.доллароор арилжигдсан байна. Нөгөөтэйгүүр ам.долларын голлох 6 валютын эсрэг хэлбэлзэлийг хэмждэг ам.долларын индекс 0.1 хувиар өсч 97.078 нэгжид хүрчээ. Зах зээлийн төлөв байдлыг авч үзвэл харьцангуй тогтвортой байгаа бөгөөд АНУ болон БНХАУ-ын гадаад худалдааны маргаан намжих хандлагатай байгаа талаар Сингапур дахь “OANDA”-ийн арилжааны ахлах шинжээч онцлов. Ойрын өдрүүдэд ам.долларын хувьд төдийлөн огцом хөдөлгөөн байхгүйгээс алт мөн адил тогтвортой түвшинд хадгалагдах төлөвтэй байгаа аж. Ирэх 7 хоногт Холбооны Нөөцийн банк (ХНБ)-ны ээлжит хурлаар өнөөгийн бодлогын хүүг хэвээр үлдээх магадлал өндөр байгаа учраас алт богино хугацаанд чангарна гэсэн хүлээлт шинжээчдийн дунд давамгайлжээ. ХНБ-ны тэргүүн Жероми Пауэл өнгөрсөн 7 хоногт өнөөгийн бодлогын хүү зохих түвшинд байгаа талаар дурьдсанаар шинжээчид ирэх онд бодлогын хүүг төдийлөн өсгөхгүй гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм. Дэлхий нийтийн анхаарал АНУ болон БНХАУ-ын гадаад худалдааны маргааны асуудалд төвлөрч, өчигдөр БНХАУ-аас технологийн салбарын үйлдвэрлэлийнхээ төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах арга хэмжээ авч магадгүй талаар мэдээллэснээр хоёр улсын худалдааны маргаан бага зэрэг намжаад байна. Блүүмбергийн мэдээллэснээр “Бээжин өөрсдийн ‘БНХАУ-д үйлдвэрлэв 2025’ төлөвлөгөөг 2035 хүртэл  хойшлуулж, гадаадын компаниудад зах зээлээ улам нээлттэй болгохоор бэлтгэж байна” гэжээ. ‘БНХАУ-д үйлдвэрлэв 2025’ стратеги төлөвлөгөөг тус улсын импортоор орж буй технологийн салбарын хараат байдлыг бууруулах хүрээнд анх 2015 оны 5 дугаар сард танилцуулж байсан бөгөөд Трамп энэхүү төлөвлөгөөг хоёр улсын гадаад худалдааны гол бай болгон өнөөгийн хоёр гүрний маргаан эхэлсэн билээ. Эх сурвалж: Investing.com