ОПЕК-ийн орнууд гарцаа 1.2 сая баррелиар танахаар болов

Сингапур (Ройтерс)-ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнуудын ээлжит уулзалтаар ирэх 1 дүгээр сараас эхлэн өдрийн гарцаа 1.2 сая баррелиар танах шийдвэр гаргаснаар олон улсын газрын тосны жишиг ханш Брент төрлийн газрын тосны ханш өсөв. Брент төрлийн газрын тосны фьючерс ханш 61.81 ам.долларт хүрч 14 цент буюу 0.2 хувиар өсчээ. Өнгөрсөн баасан гаригт ОПЕК болон ОПЕК-ийн гишүүн бус орнууд хамтдаа өдрийн гарцаа 1.2 сая баррель буюу ОПЕК-ийн орнууд 800 мянган баррель, бусад гишүүн бус орнууд 400 мянган баррелиар тус тус танах шийдвэрт хүрсэн талаар мэдээллэв. АНУ-ын газрын тосны үйлдвэрүүдийн нийлүүлэлт огцом өсч байгаа нь АНУ-ын Вест Техас төрлийн газрын тосны фьючерс ханш 52.35 ам.доллар буюу 26 центээр сулархад хүргэж ОПЕК-ийн орнуудын шийдвэр төдийлөн нөлөөлсөнгүй. Энэхүү ОПЕК-ийн орнуудын гарцаа бууруулах арга хэмжээ ирэх 1 дүгээр сараас эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд 1.2 сая баррель хэмээх дүн нь өнгөрсөн 10 дугаар сарын хэмжээтэй харьцуулж гаргасан дүн аж. “Bernstein Energy”-ийн шинжээч “Ирэх онд Брент төрлийн газрын тосны ханш 70 орчим ам.долларт хадгалагдах нь тодорхой боллоо” гэжээ. Гэсэн хэдий шинжээч ирэх онд дэлхийн өдрийн шатахууны эрэлтийг 1.5 сая баррелиас 1.3 сая баррель болгон бууруулжээ. Дэлхийн эдийн засгийн идэвхижил сулрахын хэрээр газрын тосны эрэлт суларсаар байгаа юм. Үүний тод жишээ болох дэлхийн гурав дахь том эдийн засаг, газрын тосны 4 дэхь том хэрэглэгч гэгддэг Японы эдийн засаг 3 дугаар улиралд хүлээлтээс бага 2.5 хувиар буураад байгаа юм. Нөгөөтэйгүүр дэлхийн хоёр том гүрний гадаад худалдааны маргаан шийдвэрлэгдэхгүй байгаа нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа юм. Хэдийгээр газрын тосны гарцыг танах шийдвэрийг дэлхийн газрын тос олборлогч томоохон орнууд гаргасан ч ханш өнгөрсөн 10 дугаар сарын түүхэн дээд ханшаас даруй 29 хувиар бага байгаа юм. Эх сурвалж: Investing.com