BREXIT хойшлогдов​

BREXIT хойшлогдов​

BREXIT-ийн товыг энэ оны аравдугаар сарын 31 хүртэл хойшлуулахаар Их Британи, Европын Холбоо тохиролцсон гэж Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск мэдэгдлээ. Энэ нь хэлэлцээргүй BREXIT-ээс сэргийлэх зорилготой төлөвлөгөөний дагуу авах алхам юм байна.

Хэдий тийм боловч энэхүү тохиролцоо дахин зургаан сарын хугацаанд улс төрийн тодорхойгүй байдал үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлж мэдэхээр байна. Нөгөө талаас ирэх зургаадугаар сард талууд төлөвлөгөөний хэрэгжилтийг нягтлахаар тохиролцжээ.

“Өмнө нь BREXIT-ийн хэлэлцээрийн төслөөр Их Британи, Европын Холбоо зөвшилцөлд хүрсэн тул энэ асуудлыг дахин хэлэлцэхгүй. BREXIT-ийн хэлэлцээрийн төсөлд өөрчлөлт оруулахгүй” гэж Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер мэдэгдсэн юм. Түүнчлэн Их Британийн Төлөөлөгчдийн танхим “BREXIT-ийн хэлэлцээрийн төслийг дэмжвэл зургаадугаар сарын нэгнээс өмнө Европын Холбооноос гарах боломжтой” гэж Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдлээ.

Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер “BREXIT-ийн товыг аравдугаар сарын 31 хүртэл хойшлууллаа. Мөн бид зургаадугаар сард BREXIT-ийн асуудлаар дахин хэлэлцэнэ. Гэхдээ BREXIT-ийн хэлэлцээрийн төслийг дахин хэлэлцэхгүй. Учир нь бид сүүлийн хоёр жилд энэ асуудлаар хэлэлцэж, аль хэдийн зөвшилцөлд хүрсэн. Хойд Ирландын хилийн асуудлаар ч шийдэлд хүрсэн. Тиймээс өмнө дурдаж байсанчлан BREXIT-ийн хэлэлцээрийн төсөлд өөрчлөлт оруулахгүй” гэсэн байна.