Алтны ханш сүүлийн 1.5 жилийн доод түвшиндээ хүрч сулрав

Лхагва гаригт ам.долларын ханш чангарахын хэрээр алтны ханш сүүлийн 18 сарын доод түвшиндээ хүрч сулрав.

Нью Йорк Таваарын Биржийн Комекс салбар дээр ирэх 12 дугаар сард биелэх нэг унц алтны фьючерс ханш 2017 оны 1 дүгээр сараас хойш доод түвшин болох 1,190.8-д хүрч буурчээ.

БНТУ-ын эдийн засаг хямралын түвшинд ойрхон байгаатай зэрэгцэн хөрөнгө оруулагчид ам.долларыг илүү найдвартай валют хэмээн ам.доллар худалдан авч байна.

Ам.долларын голлох зургаан валютын эсрэг хэлбэлзлийг хэмждэг ам.долларын индекс 0.24 хувиар чангарч 96.77 нэгжид хүрснээр 2017 оны 6 дугаар сараас хойшх дээд түвшиндээ хүрэв.

Дэлхийн зах зээлд тодорхойгүй байдал бий болоход алтны ханш хамгийн түрүүнд чангардаг хэдий ч энэ удаад эсрэгээрээ ам.долларын ханш чангараад байгаа юм. Ам.доллар чангарснаар тус валютаар илэрхийлэгдэх таваарын ханшийг өсгөөд байгаа билээ.

Алтны ханшийг даган бусад металлын ханш мөн суларч 9 дүгээр сард биелэх мөнгөний ханш 1.78 хувиар суларч унц нь 14.785 ам.долларт хүрчээ. Мөн 9 дүгээр сард биелэх зэсийн ханш 2.72 хувиар суларч 2,610 ам.долларт тус тус хүрэв.