Ам.доллар тогтворжиж, иенийн ханш өслөө

Ерөнхийлөгч Трамп бодлогын хүү хэт өндөр байгаа талаар шүүмжлээд байгаа бөгөөд ХНБ-аас энэ жилдээ багтаан бодлогын хүүг дахин өсгөх хүлээлт зах зээлд өндөр байгаа хэдий ч мягмар гаригт ам.долларын ханш голлох валютуудын эсрэг тогтворжив.

Ам.долларын голлох зургаан валютын эсрэг хэлбэлзэлийг хэмждэг ам.долларын индекс өнөөдөр ялимгүй өөрчлөлт үзүүлж 94.39-т хүрэв.

АНУ-ын эдийн засаг сайжрахын хэрээр ХНБ-аас бодлогын хүүг өсгөхөөр зэхэж үүний зэрэгцээ ам.долларын эрэлт өндөр хэвээр байна.

Өнгөрсөн долоо хоногт тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп ХНБ-аас бодлогын хүүг өсгөснөөр түүний эдийн засгийг хүчирхэгжүүлэх гэсэн оролдлогыг талаар болгож байгаа талаар шүүмжилж америк долларын ханш бага зэрэг буурсан билээ. Тэрээр мөнгөний бодлогыг чангаруулснаар ам.доллар өсөх гол шалтгаан болж эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна гэжээ.

Ам.доллар иенийн хослол 0.14 хувиар суларч 111.18-д хүрчээ.

Японы Төв банкнаас өнөөгийн бонд худалдан авах хөтөлбөрт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байгаа талаар хурлын тэмдэглэлдээ онцолсоноор иенийн ханш чангараад байгаа бөгөөд тус улсын мөнгөний бодлогын зөвлөл энэ сарын сүүлээр болох хүлээлттэй байгаа юм.

Харин евро ам.долларын эсрэг тогтвортой түвшинд буюу 1.1690-д хадгалагджээ.

Мягмар гаригт Евро бүсийн хувийн секторын өсөлт энэ сард буурч ирэх гуравдугаар улиралд эдийн засгийн идэвхижил сул байж болзошгүйг илтгэсэн үзүүлэлт боллоо.

Английн фунт стерлинг ам.долларын эсрэг бага зэрэг буюу 0.11 хувиар чангарч 1.3114-т хүрчээ.

АНУ болон БНХАУ-ын гадаад худалдааны маргааны улмаас БНХАУ-ын юаний ханш ам.долларын эсрэг 13 сарын доод түвшиндээ хүрч сулраад байна. БНХАУ-ын Бээжин хотоос хяналт тавьж байдаг оффшор буюу гадаад зах зээл дэхь юаний ханш 6.8345-д хүрэв.

Юань ийнхүү суларснаар тус улсын бодлого тодорхойлогчид экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж АНУ-аас ногдуулж буй татварыг зөөлрүүлэхэд тустай байгаа талаар онцолжээ.

Эх сурвалж: Investing.com