Ам.доллар чангарсан ч газрын тосны ханш тогтвортой байна

АНУ шатахууны гарцаа нэмэгдүүлж, ам.доллар чангарч, мөн ирэх сараас Иран улсын газрын тосны экспортын эсрэг хориг арга хэмжээ хэрэгжиж эхлэх зэргээс үл хамааран газрын тосны ханш тогтвортой байна.

Өнөө өглөөний байдлаар Брент төрлийн газрын тосны фьючерс ханш 84.89 ам.доллартой тэнцэж өмнөх хаалтын ханшнаас 9 центээр өссөн бол Вест Техас төрлийн газрын тосны ханш 5 центээр өсч 75.28 ам.долларт хүрлээ.

Ирэх 11 дүгээр сарын 4-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Ираны газрын тосны экспортын хориг арга хэмжээ дэлхийн газрын тосны зах зээлд сөрөг нөлөө үзүүлэхээр байгааг шинжээчид онцолсоор байгаа юм.

Өнгөрсөн 7 хоногт газрын тосны жишиг ханшууд болох Брент төрлийн газрын тос болон Вест Техас төрлийн газрын тосны ханш 2014 оны 11 дүгээр сараас хойш хамгийн дээд түвшиндээ хүрч чангараад байсан юм.

Хэдий АНУ газрын тосны гарцаа нэмэгдүүлсэн ч ам.доллар чангарснаар газрын тос импортлогч орнуудад хүнд цохилт болж байгаа юм. АНУ-ын газрны тосны нөөцийн гарц 9 дүгээр сарын 28-ны байдлаар өдрийн 907 мянган баррельд хүрч нөөц 400.9 сая баррельд хүрсэн талаар тус улсын Эрчим хүчний байгууллагаас мэдээллээ.

Эх сурвалж: Investing.com