АНУ болон БНХАУ-ын гадаад худалдааны маргаан ширүүсч байгаа хэдий ч ам.доллар тогтвортой байна.

Хэдийгээр АНУ болон БНХАУ-ын гадаад худалдааны маргааны асуудал хурцадмал байдалд байгаа боловч баасан гаригт ам.доллар юань болон голлох валютуудын эсрэг хэлбэлзэл багатай тогтвортой байна.

Пүрэв гаригт хэрэв АНУ БНХАУ-ын 200 тэрбум хүртэлх ам.долларын дүн бүхий экспортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хувь хэмжээг 10-аас 25 хувь болгон нэмэгдүүлж байгаа бол тус улсаас хариу арга хэмжээ авах болсон талаар мэдэгдээд байгаа билээ.

АНУ-ын БНХАУ-аас импортлож буй бараа бүтээгдэхүүний хэмжээ БНХАУ-ын АНУ-аас импортлож буй хэмжээнээс даруй хэд дахин илүү бөгөөд энэхүү худалдааны маргаан БНХАУ-ын эдийн засагт илүү сөрөг нөлөөтэй гэж шинжээчид үзэж байгаа юм.

Мизүхо Секьюритизийн гадаад валютын стратегич Масафүми Яамамото “АНУ болон БНХАУ-ын худалдааны маргаанд АНУ хожиж, БНХАУ хохирохоор харагдаж байгаа бөгөөд зах зээл энэхүү маргааны асуудалд ихээхэн мэдрэг байна. Түүнчлэн, маргааны улмаас юань ам.долларын эсрэг суларснаар БНХАУ-ын эдийн засаг тийм ч сайнгүй байгаа илтгэж байна. Хэдийгээр тус улсын бодлого тодорхойлогчид юанийн сулралыг зогсоох арга хэмжээ авч байгаа боловч энэ нь маш хүнд даалгавар болох нь ойлгомжтой” гэв.

Сүүлийн саруудад гадаад зах зээлд юанийн ханш суларсаар ам.долларын юанийн ханш 6.8828-д хүрч 2017 оны 5 дугаар сараас хойшхи хамгийн доод түвшиндээ хүрээд байгаа юм.

Ам.долларын голлох 6 валютын эсрэг хэлбэлзлийг хэмждэг ам.долларын индекс сүүлийн 2 долоо хоногийн дээд түвшин 95.19-д хүрээд байна. Евро ам.долларын ханш 1.1583-т хүрч 7 дугаар сарын 19-ний өдрөөс хойшхи доод түвшиндээхүрээд байгаа юм.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлттэй шууд хамаарал бүхий Австрали долларын ханш мөн сүүлийн 2 долоо хоногийн доод түвшин 0.7355-д хүрээд байна.

Нөгөөтэйгүүр пүрэв гаригт Английн Төв банк бодлогын хүүгээ 0.5 хувиас 0.75 хувь болгон өсгөсөн хэдий ч паунд стерлингийн ханш харьцангуй тогтвортой байна. БРЕКСИТ-ийн асуудлын хүрээнд зах зээлд тодорхойгүй байдлыг бий болгоод буй нөхцөлд Английн Төв банкны тэргүүн Марк Керней гүйж биш алхах зарчмаар мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэжээ. БРЕКСИТ-тэй холбоотойгоор татварын хэмжээ болон дүрэм журмыг чангатгаснаар Англи улсад ихээхэн дарамт болох хүлээлттэй байгаа юм.