АНУ СИРИЙН АСУУДЛААР ОХУ-Д ХОРИГ ТАВЬЖ МАГАДГҮЙ БАЙНА

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сири руу пуужин харвана гэж “twitter”-ээрээ жиргэснээс хоёр хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 13-ны орой Сирийн гурван байршилд агаарын цохилт өглөө. Цохилт өгсөн байршлуудад химийн зэр зэвсэг хадгалагдаж байсан байх магадлал өндөр байна. Үүнээс өмнө Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад Дума хотод химийн довтолгоо хийсэн гэж буруутгагдсан юм. АНУ үүнд хариу арга хэмжээ авсан гэж тайлбарлажээ.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хизер Нойерт “Бид дэлхий нийтээр Сири рүү халдлага хийж байгааг нь зогсоох үүрэгтэй. Тиймээс АНУ холбоотон улсуудын хамтаар Сирийн гурван байршилд агаарын цохилт өгсөн. Эдгээр байршлуудад химийн зэвсэг байрлуулж, туршиж байсан гэдгийг бид мэдэж байгаа” гэж мэдэгдлээ.

Харин Сирийн армийн хэвлэлийн төлөөлөгч, генерал Али Мэйхоуб “АНУ, Франц, Их Британи хамтарч Сири дэх хамгаалалтын систем рүү халдсан. Бид долоо хоногийн турш удаа дараа арга хэмжээ авсны дүнд зэвсэгт хүчний ангиуд, холбоотон талууд маань зэвсэглэсэн террористуудаас Гута дүүргийг хамгаалах ажлаа дуусгасан. Үүнээс өмнө Дума хотоос бүх террористуудыг шахан гаргасан” гэж онцолсон байна. Үүний дараа Иракийн Багдад хотноо шийтүүдийг дэмжигч олон зуун иргэн АНУ-ыг эсэргүүцэж жагссан байна. Дума хотод болсон химийн зэвсгийн дайралтаар 40 хүн амиа алдсан нь нийтийг ихээр бухимдуулж байгаа аж. Хэдий тийм боловч Сирийн Засгийн газар, ОХУ химийн зэвсгийн халдлагад буруугүй гэж мэдэгдээд байгаа юм.

Сирид агаарын цохилт өгснийхөө дараа Дональд Трамп “даалгавар амжилттай биелэгдлээ” гэж мэдэгджээ. Түүний дэмжлэг үзүүлсэнд талархлаа илэрхийлсэн улсуудынх нь тоонд Франц, Их Британи багтжээ. Эдгээр нэр дурдсан улсуудын гаргасан хүсэлтийн дагуу НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирийн асуудлаар даваа гарагаас хуралдах товтой байгаа юм. Одоогоор Сирийн асуудлаар АНУ болон Франц улс ОХУ-д хориг тавьж магадгүй байгааг АНУ-ын талаас мэдээллээ.

Сирид болсон химийн зэвсгийн дайралттай холбогдуулж Франц улс ОХУ-д хориг тавина гэж АНУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгч мэдэгдлээ. Харин Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон Сирид агаарын цохилт өгсөн нь “Эхнийх бөгөөд сүүлийнх” гэдгийг анхааруулжээ.