АНУ-ын явуулж буй гадаад худалдааны хатуу бодлогын хариу болгож Хятад улс өчигдөр даваа гаригт 128 нэр төрлийн бараанд татвар оноож байгааг мэдэгдсэн байна. Ийнхүү АНУ-ын импортын зарим бараа, бүтээгдэхүүний татварыг нэмснээр БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улсын хувиар хүлээсэн үүргээ түр хугацаанд түдгэлзүүлж байгаа юм.
“Энэхүү шийдвэр нь АНУ-ын худалдааны бодлогоос эрх ашгаа хамгаалахад чиглэсэн” гэдгийг БНХАУ-ын Худалдааны яам онцолсон байна. Хэдий тийм боловч БНХАУ харилцаагаа муутгахаас сэргийлэхийн тулд АНУ-тай худалдааны хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлжээ. 2 долоо хоногийн өмнө Вашингтон ган, хөнгөн цагаанд импортын татвар оноож эхэлсэн юм. Дональд Трамп бас жил бүр Хятадын $60 тэрбумын импортын бараанд 25 хувийн татвар оногдуулахаа амлаад байгаа юм.
Ган болон хөнгөн цагааны импортод ногдуулсан Дональд Трампын татварын шийдвэр АНУ-ын үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлж байна гэж “ISM” буюу нийлүүлэлтийн менежментийн институт үзсэн байна. Шийдвэртэй холбоотойгоор зарим түүхий эдийн ханш 3-р сард сүүлийн 7 жил орчмын дээд цэгт хүрснийг тус байгууллага онцолж байгаа юм.
Хэдийгээр АНУ-ын эдийн засаг аажимаар өсч, ХНС-ийн хүүг өсгөх боломжийг олгож байгаа ч арилжааны бэрхшээлийг даван туулахын тулд хувьцааны зах зээлүүд сүүлийн үед саарсан нь төв банкны бодлогод нөлөөлж болзошгүй юм.
Мөн 2 томоохон эдийн засаг хоорондын худалдааны дайн дэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид технологийн хувьцаанаас татгалзах эрмэлзэл ихэссэнээр даваа гаригт S & P 500 индекс 2.2 хувиар унасан байна.
Хятад, АНУ хоорондын худалдааны маргаан нь санхүүгийн зах зээл тэр дундаа арилжаачдын анхаарлын төвд байгаа бөгөөд цаашид ойрын хугацаанд ч төвлөрөх хандлагатай байгаа гэжээ.
www.investing.com