АНУ Иран улсын эсрэг авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээг дахин танилцуулснаар газрын тосны ханш өсөв.

Мягмар гаригт АНУ газрын тосны гол экспортлогч Иран улсын эсрэг авах хоригийг дахин танилцуулснаар газрын тосны ханш өсөв. Брент төрлийн газрын тосны фьючерс ханш 74.17-д хүрч өмнөх хаалтын ханшаас 42 центээр өсөв. Вест Техас төрлийн газрын тосны ханш мөн 30 центээр өсч 69.31 ам.долларт хүрэв.

Өнгөрсөн 7 дугаар сард өдөрт 3 сая баррель экспортлож байсан Иран улсын эсрэг авах АНУ-ын хориг өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ. ANZ банкнаас “АНУ-ын Иран улсын эсрэг тавьж буй хориг богино хугацаандаа газрын тосны ханшид нөлөөлөхөөр байгаа бөгөөд ингэснээр ОПЕК-ийн орнуудын өдрийн гарц 600 мянгаас 1.5 сая баррелиар буурч хүлээлттэй байна. Хэдийгээр ОПЕК-ийн орнууд нийлүүлэлтийн гарцаа нэмэгдүүлж зах зээл дэхь хомсдолыг арилгахаар ажиллаж байгаа боловч зах зээл тэнцвэр байдлаа аль хэдийн олсон” гэжээ.

Мөн ЕХ, БНХАУ болон Энэтхэг улсууд энэхүү хоригийг эсэргүүцэж байгаа боловч АНУ-ын зүгээс Иран улсаас нефтийн бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг уриалаад байгаа юм.

Даваа гаригт АНУ-ын захиргаанаас “Хэдийгээр бид улс орон бүртэй тохирсон арга барилаар ажиллахыг эрмэлж байдаг боловч Иран улстай баримталж ажиллах зарчим бол Иран улс руу чиглэх валютын урсгал болон орлогын хэмжээг бууруулах юм” гэв.

Францын Societe Generale банкнаас өнөөгийн газрын тосны нийлүүлэлт зохистой түвшинд байгааг онцолсон ч энэхүү АНУ-ын хориг арга хэмжээ дэлхийн зах зээлээс нэг сая баррель нефтийг авч одно гэжээ.

Сүүлийн саруудад газрын тосны үнэ ОХУ, Саудын Араб болон Америк зэрэг улсуудын гарцын хэмжээ, Ираны хориг болон АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны маргааны асуудлаас ихээхэн хамааралтай байсан бөгөөд ханшид ихээхэн дарамт учруулаад байсан юм.

Түүнчлэн шинжээчид энэ жил дэлхий дахинд халуун зун болж байгаатай холбогдуулан улс орнуудын үйлдвэрлэл тэр дундаа хүйтэн агааржуулагч ажиллуулахтай холбоотой нефтийн хэрэглээ нэмэгдэх хандлагатай байгааг онцолж байгаа юм.