АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувиар өсгөлөө

АНУ-ын Төв банкны тэргүүн Жером Поуэл өнөөгийн мөнгөний бодлогыг хэвээр хадгална гэсэн боловч лхагва гаригт бодлогын хүүг 0.25 хувиар өсгөлөө. Өөрөөр хэлбэл, ХНБ банк хоорондын овернайт санхүүжилтийн хүүг 2.0 хувиас 2.25 хувь болгон нэмэгдүүлжээ.

ХНБ-ны тэргүүн хэвлэлийн бага хурлын үеэр эдийн засаг төсөөллийн дагуу бус эдийн засгийн үзүүлэлтүүдийн өөрчлөлт өнөөгийн мөнгөний бодлогод нөлөөлөхүйц биш байна гэснээр шинжээчид бодлогын хүүг өсгөнө, өсгөхгүй гэсэн хоёр талд хуваагдахад хүргэжээ.

Тэрээр “Эдийн засаг идэвхжихийн хирээр бодлогын хүүг өсгөх бөгөөд ажил эрхлэлтийн түвшин болон инфляци дунд хугацаанд зорилтот 2 хувийн түвшинд ойр байхаар байна. Ажил эрхлэлтийн түвшин тасралтгүй сайжирч, инфляци зорилтот түвшинд хадгалагдана гэсэн хүлээлтийн дагуу Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 2.0 хувиас 2.25 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа” гэв.

Мөнгөний бодлогын хорооны гишүүд 2018 онд бодлогын хүүг 2.4 хувь байна гэж төсөөлж байсан нь ирэх 12 дугаар сард хүү өсгөх магадлал байсаар байгааг илтгэж байна. Мөн 2019 болон 2020 онд овернайт санхүүжилтийн хүүг 3.1 хувиас 3.4 хувьд тогтворжино гэж үзэж байгаа аж.

“Жи Пи Морган” мэдэгдэлдээ “Шинжээчдийн төсөөллөөр ирэх 12 дугаар сард бодлогын хүүг дахин өсгөх хүлээлт өндөр байгаа бол 2019 онд 3 удаа, 2020 онд нийт 1 удаа тус тус өсгөх хүлээлттэй байна” гэжээ.

Мөнгөний бодлогын хорооноос энэ жилийн АНУ-ын эдийн засгийн өсөлтийн төлөвийг 2.8-аас 3.1 хувь гэж сайжруулсан бол 2019 оны өсөлтийг өмнөх төсөөллөөс 0.1 хувиар нэмэгдүүлж 2.5 хувь гэж тус тус төсөөлжээ. Харин инфляци 2 хувьд хэвээр хадгалагдана гэж таамаглажээ. Нөгөөтэйгүүр, 2018 онд ажилгүйдлийн түвшин 3.7 хувь хэмээн 0.1 хувиар нэмэгдүүлсэн бол 2019 болон 2020 онд 3.5 хувьд тогтворжино гэж төсөөлжээ.

Өмнө дурьдсанчлан ХНБ-ны тэргүүн эдийн засаг төсөөллийн дагуу бус эдийн засгийн үзүүлэлтүүдийн өөрчлөлт өнөөгийн мөнгөний бодлогод нөлөөлөхүйц биш байна гэсэн нь цаашид бодлогын хүүг төдийлөн өсгөхгүй байх магадлалтайг шинжээчид онцлоод байгаа юм.

Эх сурвалж: Investing.com