АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарч ам.доллар иенийн эсрэг чангарав

Ирэх жилүүдэд ХНБ бодлогын хүүг тогтвортой түвшинд хадгалах хүлээлт нэмэгдэж, АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд хүлээлтээс өндөр гарснаар баасан гаригт ам.доллар иенийн эсрэг сүүлийн 9 сарын дээд түвшинд хүрч чангарав.

2018 оны эхний хагас жилд АНУ-ын эдийн засаг 4.2 хувиар тэлж сүүлийн 4 жилийн хамгийн өндөр өсөлт үзүүлсэн талаар Засгийн газраас мэдээллэжээ. Мөн 8 дугаар сард урт хугацаат удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүн өмнөх сараас 1.2 хувиар өсч 4.5 хувьд хүрч өссөнөөр ам.доллар ийнхүү иений эсрэг 2017 оны 12 дугаар сараас хойш дээд түвшин буюу 113.47 иенд хүрч чангарлаа.

Лхагва гаригт ХНБ мөнгөний хатуу бодлого руу алгуур шилжсэний дараа Засгийн газрын өгөөжийн муруй огцом буурсан ч эдийн засгийн үзүүлэлтүүд хүлээлтийг давж гарснаар өгөөжийн муруйн уналтыг хазаарласан юм.

Токио дахь “Daiwa Securities”-ийн арилжааны стратегич “Энэхүү ам.долларын өсөлт улирлын шинж чанартай бөгөөд АНУ-ын хөрөнгө оруулагчид сарын эцэс болсонтой холбогдуулан хөрөнгөө эх орондоо төвлөрүүлсэнтэй холбоотой. Мөн АНУ болон Япон улсын албан ёсны уулзалт болохтой зэрэгцэн ам.доллар чангарч хоёр орны бодлогын хүүгийн зөрүү нэмэгдэж байна.” гэжээ.

Экспортод түшиглэсэн эдийн засагтай Япон улсын хувьд тус улсын автомашинд ногдуулж буй татварын асуудлаар хоёр улс дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар болоод байгаа юм.

Италийн төсвийн асуудалтай холбоотойгоор Евро ам.долларын эсрэг бага зэрэг суларч 1.1636 ам.доллартой тэнцсэн ба Итали ирэх 3 жилд төсвийн алдагдлыг ДНБ-ний 2.4 хувьтай тэнцүү байхаар тогтоогоод байгаа аж. Хэдийгээр өнгөрсөн 7 хоногт өсөлттэй байсан ч ЕТБ-ны тэргүүн Марио Драги Евро бүсийн инфляци цаашид өсөх хүлээлттэй хэмээн мэдэгдсэнээр евро энэ 7 хоногт 0.9 хувиар буурчээ. Английн паундын хувьд 0.7 хувиар суларч 1.3074 ам.доллартой тэнцсэн бол Швейцар франк сүүлийн нэг сарын доод түвшин 0.9782 ам.долларт тус тус хүрч суларлаа.

Эх сурвалж: Investing.com