АНУ-ын II улирлын ЭЗ-ийн өсөлтийн мэдээ гарахтай зэрэгцэн ам.доллар чангарав

АНУ-ын II улирлын эдийн засгийн өсөлтийн мэдээ гарахтай зэрэгцэн ам.доллар чангараад байна. Ам.долларын голлох зургаан валютын эсрэг хэлбэлзлийг хэмждэг ам.долларын индекс өнөөдөр 0.06 хувиар өсч 94.63 нэгжид хүрэв.

АНУ-ын эдийн засаг 2018 оны эхний хагас жилд 4.1 хувиар өсч хөрөнгө оруулагчдын таамаглалтай яг цав нийцжээ. Пүрэв гаригийн орой тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп “Эдийн засаг 4 хувиар тэлсэн байх болно. Хэрэв тийм бол бид их баяртай байна” гэж хэлсэн аж.

Ийнхүү АНУ-ын эдийн засаг хүлээлтийн дагуу сайжирч тэлснээр Холбооны Нөөцийн банкнаас бодлогын хүүг өсгөх орон зай нэмэгдсээр байх юм.

Түүнчлэн лхагва гаригт болсон АНУ болон ЕХ-ны гадаад худалдааны талаарх уулзалтын дараа ам.доллар ихээхэн чангараад байгаа бөгөөд уулзалтаар хоёр улс бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг бууруулж улмаар автомашинд татвар ногдуулахгүй байхаар тохиролцсон билээ.

Ам.доллар иенийн хослол эсрэгээрээ суларч ханш 111.18-д хүрээд байна. Олон улсад тодорхойгүй байдал давамгайлах тусам хөрөнгө оруулагчид эрсдэлгүй валютад тооцогддог иенийг худалдан авснаар иенийн эрэлт нэмэгдэж ханш өсөөд байгаа билээ.

Нөгөөтэйгүүр паунд ам.долларын ханш 0.1 хувиар суларч 1.3096-д хүрэв. Евро ам.долларын ханш бага зэрэг буюу 0.1 хувиар суларч 1.1630-д хүрэв.

Эх сурвалж: Investing.com