Биткойн энэ жилийн түүхэн доод түвшиндээ хүрч сулрав

Лондон (Ройтерс)-Мягмар гаригт биткойн 10 хувиар буурч 4,300 ам.доллартой тэнцэж энэ жилийн хамгийн доод түвшинд хүрч буурсан төдийгүй энэ 7 хоногт нийт дүнгээр 25 хувиар сулраад байна.

Томоохон дижитал валютуудын ханш сулрахын хирээр жижиг цахим валютуудыг зарах нь нэмэгдэж байгааг арилжаачид болон зах зээл тодорхойлогчид онцолжээ.

Сүүлийн хэдэн сарын турш 6,500 орчим ам.доллар орчим хэлбэлзэж байсан биткойны ханш огцом суларснаар уналт энэ 7 хоногт ч мөн үргэлжиллээ.

Биткойны ханш 4,327 ам.долларт хүрч 2017 оны 10 дугаар сараас хойш доод түвшиндээ хүрээд байгаа ба мягмар гаригийн үдээс хойш Битстамп бирж дээр 4,750 ам.доллароор арилжигджээ.

“eToro” брендийн ахлах шинжээч Мати Грийнспан “Сүүлийн хэдэн сарын турш тогтвортой түвшинд хадгалагдаж байсан ханш ийнхүү хэлбэлзэл үзүүлэх нь зүйн хэрэг бөгөөд ханш тогтвортой үед арилжаачид стоп-лосс захиалга их өгч хөрөнгөө нэмэгдүүлсэн гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Ripple-ийн “XRP” болон Ethereum-ийн “ether” зэрэг чансаагаараа биткойны дараа бичигддэг дижитал валютын ханш мөн адил өнгөрсөн 7 хоногт 14 болон 16 хувь суларчээ.

Мягмар гаригт дан цахим валют төдийгүй санхүүгийн зах зээл тэр чигтээ уналт үзүүлжээ. Борлуулалт буурсан гэх шалтгаанаар “Apple” тэргүүтэй хувьцааны ханш мөн Европын хувьцаануудын ханш Уолл Стрийтэд буурав.

Энэ жилийн хувьд биткойн оны эхнээс 75 хувиар суларч 20,000 ам.доллароос 4,375 ам.долларт ийнхүү хүрээд байна.

Арилжаачид болон хөрөнгө оруулагчид биткойны энэхүү уналтыг Ази ялангуяа Хонг-Конг дахь өндөр хөшүүрэг бүхий арилжаа гэж тайлбарлаж байгаа юм.

Нью Йорк дахь “Genesis Global Trading”-ийн Гүйцэтгэх захирал Mайкл Моро “Биткойны арилжааны хөшүүрэг хөрөнгө оруулагчдыг Азийн зах зээл рүү шуурахад хүргэж байна. ” гэв.

Эх сурвалж: Investing.com