БНТУ АНУ-ын импортын зарим бүтээгдэхүүний татварыг хоёр дахин нэмэгдүүлэв

Лхагва гаригт БНТУ-аас АНУ-аас тус улсын эсрэг авч буй арга хэмжээний хариу болгон АНУ-ын импортын зарим бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх болсоноо албан ёсоор мэдэгдлээ. Үүнд, тамхи, согтууруулах ундаа, автомашин зэрэг багтсан аж. Үүнтэй зэрэгцэн лира зургаан хувиар чангараад байна.

NATO-ийн гишүүн хоёр улсын хооронд үргэлжилж буй энэхүү улс төрийн маргаанд Турк лира ам.долларын эсрэг хамгийн ихээр суларч түүхэн доод түвшиндээ хүрээд байсан билээ. Өөрөөр хэлбэл он гарсаар лира ам.долларын эсрэг 40 хувиар сулраад байгаа юм.

Ийнхүү Турк лира 6 хувийн өсөлт үзүүлэхэд банкуудын своп хэлэлцээрүүдийг царцаах оролдлого болон Турк улс ЕХ-ны улсуудтай харилцаагаа сайжруулах арга хэмжээ авна гэсэн хүлээлт голлон нөлөөлсөн аж.

Өнгөрсөн баасан гаригт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНТУ-ын ган болон хөнгөн цагааны импортын бараанд өндөр хэмжээний татвар ногдуулах баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Эрдоган зорчигч тээвэрлэлтийн автомашинуудад 120 хувь, архи согтууруулах ундаанд 140 хувь, тамхинд 60 хувийн татвар ногдуулсан бол гоо сайханы бүтээгдэхүүн болон будаа, нүүрсэнд ногдуулах татварын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх тушаал өнөөдөр гаргажээ.

БНТУ-ын ерөнхий сайд Твиттер хуудаснаа “Өнөөгийн БНТУ АНУ-ын хоорондын харилцаа болон манай улсын эдийн засагт санаатайгаар халдаж байгаа АНУ-ын арга хэмжээнд хариу цохилт болгон зарим импортын бүтээгдэхүүний татварын хэмжээг нэмэгдүүлсэн” гэж жиргэжээ.