БНХАУ-ЫН ТӨВ БАНК САНХҮҮГИЙН САЛБАРАА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ БОЛГОХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ

“Хонгконг болон Шанхайн Хөрөнгийн биржийн хамтарсан арилжааны нэг өдрийн квотыг дөрөв дахин нэмэгдүүлж, 8.3 тэрбум ам.долларт хүргэнэ” гэж БНХАУ-ын Төв банкны тэргүүн И Ган мэдэгдлээ. Энэхүү зохицуулалт ирэх сарын нэгнээс хэрэгжиж эхлэх юм байна. Цаашлаад “БНХАУ санхүүгийн салбараа илүү нээлттэй болгох чиглэлд зургаадугаар сарын эцсээс бодлогын нэмэлт арга хэмжээнүүд авч хэрэгжүүлнэ” гэж И Ган Боаогийн эдийн засгийн чуулганы үеэр онцолжээ.
Үүнд гаднын даатгалын компаниудын үйл ажиллагаанд тавих хязгаарлалт, үнэт цаасны компаниудын гаднын эзэмшлийн хоригийг цуцлах арга хэмжээнүүд багтжээ. Түүний энэхүү мэдэгдэл АНУ-БНХАУ-ын дунд дэгдээд буй худалдааны маргааныг зөөлрүүлэхэд эерэг нөлөөтэйг ажиглагчид онцолж байна.

Үүнээс өмнө БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин банк санхүү, тээврийн хэрэгсэл үйлдвэрлэлийн салбаруудыг илүү нээлттэй болгох амлалт өгсөн юм.