Брент төрлийн газрын тосны ханш хоёр дахь өдрөө сүүлийн 4 жилийн дээд түвшинд хадгалагдлаа

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-ийн Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд Иран улсын эсрэг авах хориг арга хэмжээнд өөрчлөлт орохгүй гэснээр Брент төрлийн газрын тосны ханш 2 дахь өдрөө дарааллан сүүлийн 4 жилийн дээд түвшинд хадгалагдлаа.

Наймдугаар сарын 6-ны өдөр Трамп Обамагийн Иран улстай хийсэн цөмийн зэвсгийн хэлэлцээрийн хүрээнд газрын тос импортлох гэрээг хүчингүй болгож Энэтхэг зэрэг түнш орнууддаа Иран улсаас импортлох шатахууны хэмжээг бууруулахыг шаардаад байгаа юм.

Трамп ирэх 11 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл Теграны эсрэг боломжит бүх арга хэмжээг авах хүлээлттэй байгааг шинжээчид онцолжээ.

Дональд Трамп НҮБ-ийн индэр дээр “Иран улсын эсрэг авч хэрэгжүүлэх нэмэлт арга хэмжээ нь ирэх 11 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх ба тус улсаас газрын тос импортолдог улс орнуудын импортын хэмжээг бууруулах зорилгоор АНУ тэдгээр орнуудтай нягт хамтран ажиллаж байгаа” гэжээ.

Ирэх 12 дугаар сард биелэх Брент төрлийн газрын тосны фьючерс ханш 0.9 хувь буюу 0.75 ам.доллароор өсч баррель нь 81.28 ам.долларт хүрчээ. Өчигдөр ханш 82.55 ам.долларт хүрч 2014 оны 11 дүгээр сараас хойшхи дээд түвшиндээ хүрсэн билээ.

Ирэх 11 дүгээр сард биелэх Вест Техас төрлийн газрын тосны фьючерс ханш 0.35 хувь буюу 0.25 ам.доллароор өсч 72.33 ам.долларт хүрэв.

Сүүлийн хоёр долоо хоногийн турш Трамп Ираны шатахууны экспортыг тэглэх хүрээнд арга хэмжээнүүд авч ОПЕК-ийн орнуудад шаардлага хүргүүлж, АНУ-аас газрын тосны гарцаа нэмэгдүүлнэ гэсэн мэдэгдэл нь ханш өсөх гол шалтгаан болсон юм.

Хоёр жилийн өмнө 30 ам.доллартой тэнцэж байсан газрын тосны ханш ОПЕК болон ОХУ-ын хамтын ажиллагааны хүрээнд 70-аас 80 ам.долларт хүрч өссөн бөгөөд энэ амралтаар ОПЕК, ОХУ, Оман, Казакстан зэрэг улс Алжирт гарцаа нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр болсон байна.

Эх сурвалж: Investing.com