Валютын ханшийн хямралаас хамгийн их эрсдэл хүлээж буй орнууд

Турк лира, ОХУ-ын рубль, Иран улсын реал, Энэтхэгийн Рупий, Аргентин улсын песо, Чилийн песо, БНХАУ-ын юань болон Өмнөд Африкийн ранд зэрэг валютууд энэ жил бүгд ам.долларын эсрэг суларсан төдийгүй зарим нь сүүлийн 2 долоо хоногт огцом уналт үзүүлээд байгаа юм. Жишээлбэл, өнгөрсөн 7 хоногт Турк лира огцом суларсан бөгөөд тус улсын гадаад өр 200 тэрбум ам.доллартой тэнцэж байгаа төдийгүй үүний тал хувь нь ам.доллароор илэрхийлэгдэж байгаа юм. Ганц Турк улс биш дээрх бүх улс орнуудын гадаад зээл, өр ам.доллароор илэрхийлэгдэж байгаа билээ.

1990 оноос хойш дэлхийн улс орнууд ам.доллароор зээл авч эхэлсэн ба ингэснээр их бүтээн байгуулалт, эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлээд зогсохгүй дотоодын валютын ханшид ч эерэгээр нөлөөлж байсан нь эрсдэл багатай зээллэг болж байсан юм. Дэлхий дахинд 1990-ээс 2000 оны хооронд ам.доллароор илэрхийлэгдэх гадаад өрийн хэмжээ 642 тэрбум ам.доллароос 2.17 их наяд ам.доллар болж гурав дахин нэмэгдсэн аж.

Олон улсын төлбөр тооцооны банк (the Bank of International Settlements)-ны судалгаагаар 2018 оны эхний гурван сарын байдлаар банк бус зээлдэгчдийн ам.доллароор илэрхийлэгдэх өр төлбөрийн дүн 11.5 их наяд ам.долларт хүрчээ. Түүнчлэн 2008 оны санхүүгийн их хямралаас хойш ам.доллар тасралтгүй чангарч нөгөө талд гадаад өр тэр дундаа ам.долларын зээллэгтэй орнуудын үндэсний валют ам.долларын эсрэг суларснаар гадаад өрийн дарамт нэмэгдээд байгаа юм.

Эх сурвалж: geopoliticalfutures.com