Гадаад валютуудын хувьд хүндхэн 7 хоног болж магадгүй

Эдийн засгийн голлох мэдээ гарч, Төв банкуудын хурал болохтой холбогдуулан голлох валютууд шинэ 7 хоногийг хэлбэлзэл багатай эхлүүллээ.

Мягмар гаригт хуралдаж дуусах Японы Төв банкны мөнгөний бодлогын зөвлөлийн хурал, лхагва гаригт АНУ-ын Төв банкны хурал, пүрэв гаригт Английн Төв банкны хурал тус тус болох товтой байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид бодлогын хүүнд өөрчлөлт орж магадгүй гэсэн хүлээлтийн дагуу ханш хэлбэлзэл багатай байна.

Европын Төв банк өнгөрсөн 7 хоногт бодлогын хүүг ирэх 2019 он хүртэл өнөөгийн түвшинд хадгална гэсэн мэдэгдлийн дараа еврогийн ханш буурч евро ам.долларын хослолын ханш 1.1649-д хүрэв.

Даваа гарагийн орой зарлагдах Евро бүсийн инфляцийн мэдээ ханшид бага зэрэг нөлөө үзүүлнэ гэж хөрөнгө оруулагчид таамаглаж байгаа аж.

“Credit Agricole”-ийн шинжээч Мануэль Оливерийн шинжээч “Энэ 7 хоног ихээхэн идэвхитэй өнгөрнө. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчид томоохон алхам хийхээргүй харагдаж байна.” гэжээ.

Ам.долларын голлох 6 валютын эсрэг хэлбэлзлийг хэмждэг ам.долларын индекс 94.717 нэгжид хүрч бага зэрэг сулраад байна.

Хэдийгээр АНУ-ын эдийн засаг эхний хагас жилд хүлээлтийн дагуу 4.1 хувиар тэлсэн ч ам.долларын ханш төдийлөн чангарсангүй.

Эдийн засгийн мэдээнээс илүүтэй АНУ-аас БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах асуудал ам.долларын ханшид илүү дарамт болж байгаа аж.

Хөрөнгө оруулагчид Японы Төв банк өнөөгийн бонд худалдан авах хөтөлбөрийг цаашид хэрхэх талаар таамаглал дэвшүүлж ам.долларын иенийн хослол 0.1 хувиар өсч 111.1-т хүрэв.

Японы Төв банкнаас өмнө нь дурьдсанчлан өнөөгийн бонд худалдан авах хөтөлбөрт өөрчлөлт оруулж магадгүй байгаа бөгөөд энэхүү мэдэгдлийн дараа 7 дугаар сарын 19-ний өдөр ам.доллар иенийн эсрэг огцом суларч сүүлийн 6 сарын дээд түвшин болох 113 нэгжээс тасралтгүй сулраад байгаа билээ.

Токио дахь “Barclays” банкны ахлах стратегич Шин Кадота “Хэдийгээр Японы Төв банкны эргэн тойронд олон таамаглал байгаа ч хөрөнгө оруулагч болон арилжаачдын гол анхаарлаа хандуулж буй зүйл бол ирээдүйн мөнгөний бодлогын талаар баримтлах зарчимын талаар таницуулга мэдэгдэл байх болно. Ямар ч шийдвэр байсан зах зээлд томоохон нөлөө үзүүлнэ гэж таамаглаж байна” гэжээ.

БНХАУ-ын юанийн ханш суларч 6.85-д хүрч өнгөрсөн 7 хоногт сүүлийн нэг жилийн доод түвшиндээ хүрч суларчээ. Гадаад худалдааны маргааны асуудлаас үүдэн юань сүүлийн саруудад ихээхэн суларч дарамт өндөртэй байгаа билээ.

Австрали доллар 0.1 хувиар суларч 0.7397-д хүрч буурсан бөгөөд Канад доллар мөн 0.1 хувиар суларч 1.3065-д хүрэв.