Газрын тосны нийлүүлэлт нэмэгдэж ханш сулрав

Сингаптур (Ройтерс)-Ираны хориг арга хэмжээ ойрын хугацаанд хэрэгжиж эхлэх болсонтой холбогдуулан ОПЕК-ийн орнууд гарцаа нэмэгдүүлж мөн дэлхийн үнэт цаасны зах зээл тогтворгүй төлөвт шилжсэнтэй зэрэгцэн мягмар гаригт газрын тосны ханш сулрав.

Форт-монт Брент төрлийн газрын тосны фьючерс ханш 76.78 ам.долларт хүрч өмнөх хаалтын ханшаас 56 центээр буурч, Вест Техас төрлийн газрын тосны ханш 66.78 ам.долларт хүрч 26 центээр тус тус буурав.

Энэ сард дэлхийн санхүүгийн зах зээлд огцом хэлбэлзэл үүсээд байгаа ба дэлхийн томоохон хоёр гүрний тэргүүнүүд худалдааны маргааны асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүй бол АНУ-аас БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 257 тэрбум ам.долларын татвар нэмж ногдуулна гэснээр даваа гаригт хувьцааны голлох индексүүд дахин буурлаа.

Газрын тос олборлогч томоохон орнуудын гарц нэмэгдсэн гэх мэдээллийн улмаас ханш сулраад байна.

Саксо Банкны таваарийн зах зээлийн ахлах шинжээч Оле Хансен “Хөрөнгө оруулагчид Саудын Арабын гарцаа нэмэгдүүлнэ гэсэн мэдэгдэл, дэлхийн үнэт цаасны зах зээлийн тогтворгүй байдалд анхаарлаа хэт хандуулснаар Ираны эсрэг хориг арга хэмжээ одоохондоо тийм ч их анхаарал татахгүй байна.” гэжээ.

Түүнчлэн ОХУ-аас Иран улсын хориг арга хэмжээ хэрэгжиж эхэлмэгц гарцаа нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдсэн аж.

Ройтерсийн шинэ мэдээллийн суваг Рефинитив Ейкон (Refinitiv Eikon)-ийн мэдээллэснээр дэлхийн газрын тосны гигантууд гэгддэг Саудын Араб, ОХУ болон АНУ-ын гарц нийлээд өдрийн 33 сая баррельд хүрчээ. Энэ нь сүүлийн 10 жилд өдрийн гарц 10 сая баррелиар нэмэгдсэн ба энэхүү 3 их гүрэн дэлхийн газрын тосны нийт эрэлтийн гуравны нэгийг хангаж байгаа аж.

Мөн Оле Хансен “Хэдийгээр Иран улсын эсрэг хориг арга хэмжээний нөлөө төдийлөн сайн мэдэгдэхгүй байгаа ч газрын тос худалдан авах эрэлт  нэмэгдээд байгааг харж болно” гэжээ.

Эх сурвалж: Investing.com