Газрын тосны ханш сүүлийн 2.5 сарын доод түвшинд хүрч сулрав

Investing.com-Олон улсын Эрчим хүчний агентлаг (ОУЭХА)-аас АНУ болон БНХАУ-ын худалдааны маргаантай зэрэгцэн ханш сүүлийн 2.5 сарын доод түвшинд хүрч суларсан талаар мэдээллэв.

ОУЭХА-ын тэргүүн Фатих Бирол Сингапур дахь эрчим хүчний конференсийн үеэр газрын тосны ханш хэт өсөх нь хэрэглэгчдэд хүндээр тусч, дэлхийн эдийн засгийн идэвхижил суларсантай холбоотойгоор нефтийн эрэлт суларч болзошгүй байгааг онцолжээ.

Мөн тэрээр “Дэлхийн шатахуун эрэлт буурахад хоёр хүчин зүйл ихээхэн нөлөөлж, дарамт учруулж байна. Нэгт, шатахууны үнэ өссөнөөр тухайн газрын тос хэрэглэгч орнуудын хэрэглээний үнийн индекс буюу инфляцид шууд нөлөө үзүүлж байна. Хоёрт, дэлхийн эдийн засгийн өсөлт саармагжиж эрэлт буурах шалтгаан болж байна. ” гэв.

Трампын удирдлагын багын зүгээс 11 дүгээр сард Аргентины нийслэл Буэнос Айрес хотод Их 20 орны уулзалтын үеэр Дональд Трамп, Ши Жиньпин нар хоёр орны хооронд үүсээд байгаа худалдааны маргааныг шийдэх хэлэлцээр хийх бөгөөд хэрэв хэлэлцээрээр ямарваа нэг зөвшилцөлд хүрч чадахгүй тохиолдолд Вашингтон 12 дугаар сараас эхлэн Хятадын 250 тэрбум ам.доллар хүртэлх бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулна гэсэн бол үүний хариу арга хэмжээ болгон Хятад АНУ-ын эсрэг 110 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд татвар ногдуулна гэж тус тус мэдэгдээд байгаа юм.

Вест Техас төрлийн газрын тосны ханш 86 цент буюу 1.3 хувиар суларч 66.18 ам.долларт хүрч энэ 7 хоногт 2 хувиар сулраад байгаа ба энэ нь өнгөрсөн 8 болон 9 дүгээр сарын хэт өсөлтийн дараах уналт гэж шинжээчид харж байгаа аж. Өнгөрсөн 8 дугаар хойш газрын тосны хэлбэлзлийг харвал 8 дугаар сард 1.5 хувь, 9 дүгээр сард 5 хувиар ханш өссөн бол 10 дугаар сард 10 хувиар суларчээ.

Их Британий Брент төрлийн газрын тосны ханш 1.26 ам.доллар буюу 1.7 хувиар буурч нэг баррель газрын тос 76.08 ам.долларт хүрчээ. Өнгөрсөн 8 дугаар сард 4 хувь, 9 дүгээр сард 7 хувийн өсөлт үзүүлсэн шатахууны ханш 10 дугаар сард 8 хувийн уналт үзүүлсэн байна.

Өнгөрсөн 5 дугаар сард Трамп АНУ болон Иран улсын хоорондын цөмийн зэвсгийн хэлэлцээрийг хүчингүй болгож дэлхийн дөрөв дэх том газрын тос олборлогч Иран улсын эсрэг хориг арга хэмжээ авахаа зарлаж цаашлаад тус улсын газрын тосны экспортыг тэглэнэ гэдгээ мэдэгдсэн билээ.

Иран улсаас нефть импортлогч томоохон орнууд болох Европын Холбоо, Энэтхэг зэрэг улсууд АНУ-ын хориг арга хэмжээг нүд салгалгүй харан сууж байгаа юм.

Ройтерсийн шинэ мэдээллийн суваг Рефинитив Ейкон (Refinitiv Eikon)-ийн мэдээллэснээр дэлхийн газрын тосны гигантууд гэгддэг Саудын Араб, ОХУ болон АНУ-ын гарц нийлээд өдрийн 33 сая баррельд хүрчээ. Энэ нь сүүлийн 10 жилд өдрийн гарц 10 сая баррелиар нэмэгдсэнийг илтгэж байгаа ба энэхүү 3 их гүрэн дэлхийн газрын тосны нийт эрэлтийн гуравны нэгийг хангаж байгаа аж.