Газрын тосны ханш 30 хувиар сулраад байна

Нью-Йорк (Ройтерс)-АНУ-ын хөрөнгө оруулагчид газрын тос 30 хувиар суларснаар компаниудын ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж улмаар дэлхийн эдийн засаг агшихад гол нөлөө үзүүлж байна гэжээ.

Энэ 7 хоногийн эхэнд хэдийгээр газрын тосны ханш сүүлийн нэг жилийн доод түвшинээс эргэн сэргэж эхэлсэн ч буцаад буураад байгаа юм. Хөрөнгө оруулагчид өнөөдөр Австрийн Вени хотод зохион байгуулагдаж буй газрын тос олборлогч ОПЕК-ийн орнуудын уулзалтанд анхаарлаа хандуулж байгаа ба ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус ОХУ хамтдаа ирэх 2019 онд газрын тосны гарцаа танах шийдэлд хүрсэн талаар ойрын эх сурвалж мэдээллэжээ.

Газрын тосны ханш суларснаар зарим талаараа эерэг нөлөө үзүүлж байгаа бөгөөд энэ нь газрын тосноос хараат компаниудад эерэгээр нөлөөлж цаашлаад хэрэглэгчдэд очих дарамтыг бууруулж байгаа аж. Гэсэн нөгөө талаараа АНУ-ын Уолл Стрийтийн жишиг индекс болох S&P 500 индексийн томоохон эрчим хүчний болон бусад холбогдох байгууллагуудын ашигт ажиллагаа ирэх онд буурна гэсэн таамаглал байгааг хөрөнгө оруулагчид онцолжээ.

Зах зээл дэхь шатахууны илүүдлээс үүдэн 2014 оны сүүлээс эхлэн нэг баррель газрын тосны ханш 30 ам.долларт хүрсэн бөгөөд үүний үр дүнд ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнууд цаашид ханш дахин сулархаас сэргийлж гарцаа танаж байсан билээ.

Гэсэн хэдий ч нийлүүлэлт дахин өсч, АНУ болон БНХАУ-ын худалдаан дайн болон бусад үзүүлэлтийн улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт саарч улмаар нефтийн эрэлтийг царцаана гэсэн айдас зах зээлд өндөр байгаа юм.

“BNY Mellon” хөрөнгө оруулалтын менежментийн компанийн зах зээлийн ахлах шинжээч “Ханш буурахад нөлөөлсөн гол шалтгаан нь нийлүүлэлтийн хэмжээ эрэлтээсээ давсан явдал ба сүүлийн 2 долоо хоногийн турш дэлхийн газрын тосны эрэлт буурах вий гэсэн айдас байсан бол эрэлт буурах нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө” гэжээ.

1982 оноос хойш нийт 13 ба түүнээс олон удаа нефтийн ханш 30 хувиар суларч байсан талаар “Ned Davis” судалгааны байгууллагын захирал хэлжээ.