Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг даган газрын тосны ханш буурав

Сингапур (Ройтерс)-АНУ-ын газрын тосны нөөцийн хэмжээ байх ёстой хэмжээнээс хальж, Хятадын үнэт цаасны зах зээлд уналт ажиглагдаж, Японы 3 дугаар улилын эдийн засгийн өсөлтийн мэдээ хүлээлтээс бага гарсан зэрэг мэдээллүүдтэй зэрэгцэн лхагва гаригт газрын тосны ханш буурав.

Олон улсын Брент төрлийн газрын тосны фьючерс ханш 61.14 ам.доллар буюу өмнөх хаалтын ханшаас 94 центээр буюу 1.5 хувиар буурсан бол АНУ-ын Вест Техас төрлийн газрын тосны фьючерс ханш 81 цент буюу мөн 1.5 хувиар тус тус буурчээ.

Ройтерс агентлагийн таваарийн зах зээлийн шинжээч Ванг Тао дэлхийн таваарын зах зээл тэр дундаа газрын тосны зах зээл буурах хандлагатай байгааг онцолж Брент төрлийн газрын тосны ханш баррель нь 60 ам.долларт хүрэх бол Вест Техас төрлийн газрын тосны ханш 51.75 ам.долларт хүрч болзошгүй гэжээ.

Ийнхүү ханш буурахад АНУ-ын Эрчим Хүчний Институци (American Petrolium Institute)-аас тус улсын газрын тосны нөөц 2018 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар 5.4 сая баррелиар өсч 448 сая баррельд хүрснээр шатахууны нөөц өсч буйг илэрхийлэн ханш буурах гол шалтгаан болсон байна. Харин АНУ-ын ЗГ-ын газрын тос олборлолтын мэдээлэл өнөөдөр гарахаар хүлээгдэж байгаа аж.

Дэлхийн хувьцааны зах зээл тогтворгүй байдалд шилжсэнээр хөрөнгө оруулагчид дэлхийн эдийн засгийн өсөлтөд ихээхэн санаа зовж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засгийн чиг хандлага АНУ болон БНХАУ-ын хоорондын худалдааны маргааны асуудлаас шалтгаалж байгаа юм.

Өнгөрсөн 7 хоногт дэлхийн хоёр том гүрэн 90 хоногийн хугацаанд худалдааны маргааныг эцэслэж, дээрх хугацаанд импортын татвараа нэмэгдүүлэхгүй гэж тохиролцсон билээ.

Ийнхүү хоёр гүрний харилцаа зөөлрөх шинжтэй болсноор Их 20 улсын уулзалтын дараа хоёр улсын ерөнхийлөгч улс хоорондын татварын хэмжээг бууруулснаар БНХАУ-ын газрын тосны “Unipec” ХХК ирэх 3 дугаар сараас эхлэн АНУ-аас импортлох газрын тосны импортоо үргэлжлүүлэхээр болсон байна.

Хэдийгээр 90 хоногийн хугацаанд тохиролцоонд хүрэхээр болсон ч хэрэв тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд АНУ татварын хэмжээг буцааж өсгөхөө өчигдөр мэдэгдээд байгаа юм.

Мөн БНХАУ-ын Төв хорооноос өнөөгийн эдийн засгийн тогтворгүй байдалд өртөж буй ажлын байрны тогтвортой байдалд анхаарлаа хандуулж зөвлөмж гаргаж байгаагаа албан ёсоор мэдэгджээ.

“Bank of America Merrill Lynch”-аас ирэх 2019 оны эдийн засгийн төлөвийн тайландаа хэдийгээр улс орнууд мөнгө болон санхүүгийн тэлэх бодлого баримтлах хандлагатай байгаа ч дэлхийн эдийн засгийн идэвхижлийг бүрдүүлдэг гол үзүүлэлтийг буурах хүлээлттэй байна гэжээ. Мөн ирэх онд Брент болон Вест Техас төрлийн газрын тосны ханш 70 болон 59 ам.долларт тус тус хэлбэлзэнэ гэж төсөөлжээ. Энэ жилийн хувьд дээрх хоёр шатахууны ханш 72.8 болон 66.1 ам.долларт хэлбэлзэж байгаа юм.

Азийн орнуудын гол төлөөлөл болсон Япон улсын эдийн засаг 3 дугаар улиралд үргэлжлүүлэн буурч 1.9 хувьд хүрсэн байна. Ийнхүү Японы эдийн засаг агшилт үзүүлснээр газрын тосны ханшид сөргөөр нөлөөлөх хүлээлттэй байгаа юм.