Дэлхийн үнэт цаасны зах зээл тогтворгүй байдалд шилжсэнээр газрын тосны ханш сулрав

Сингапур (Ройтерс)-АНУ-ын үнэт цаасны зах зээл огцом уналт үзүүлж улмаар дэлхийн үнэт цаасны зах зээл тогтворгүй байдалд шилжсэнээр пүрэв гаригт газрын тосны ханш нэг хувиар сулрав.

Форт-монт Брент төрлийн газрын тосны фьючерс ханш 75.42 ам.доллар хүрч өмнөх хаалтын ханшаас 72 центээр суларсан бол АНУ-ын газрын тосны жишиг ханш болох Вест Техас төрлийн газрын тосны ханш 66.23 ам.долларт хүрч 59 центээр тус тус суларчээ.

FXTM фьючерс брокерийн компанийн шинжээч “Хөрөнгө оруулагчид хувьцаагаа тасралтгүй зарж байгаа нь газрын тосны эрэлт аажимдаа буурна гэсэн хүлээлтийг зах зээлд бий болгож байна” гэв.

Энэ сард Сино-АНУ хоорондын худалдааны дайны асуудал хурцдаж, хөгжиж буй орнуудын валютын уналт, эх үүсвэрийн зардал болон Засгийн газрын бондуудын өгөөжийн түвшин тасралтгүй өссөн нь газрын тосны зах зээлд ихээхэн дарамт болсон билээ.

Вест Техас төрлийн газрын тосны ханш энэ сард 10 хувь, Брент маркийн газрын тосны ханш 9 хувь тус тус суларсан байна.

Ираны нефтийн экспортыг зогсоох зорилготой АНУ-ын хориг арга хэмжээ ирэх сарын 4-ноос хэрэгжиж эхлэх билээ. Энэ хориг арга хэмжээ нь Иранаас нефть импортлох компаниуд, улс орнуудад дарамт шахалт болох юм.

Үүний үр дүнд Иран улсын хамгийн нефть импортлогч БНХАУ-ын газрын тос олборлогч магнат Синопек, Үндэсний Нефтийн корпораци ирэх 11 дүгээр сард Иранаас газрын тос импортлох захиалга өгөөгүй байна. Ийнхүү захиалгаа зогсоох нь хоёр улсын хоорондын худалдааны маргааныг намжааж олон улс дахь БНХАУ-ын үйл ажиллагаанд нь эерэгээр нөлөөлнө гэж үзжээ.

Ираны нефтийн экспортыг зогсоосноор тус улсаас нефть импортлогч орнууд шинэ нийлүүлэгч улс олох шаардлага үүсч, ихэнхи орнууд АНУ-аас шатахуун импортлоно гэж шинжээчид үзэж байгаа аж.

АНУ-ын газрын тосны нөөцийн хэмжээ 5 дахь долоо хоногтоо дарааллан өсч 422.79 сая баррельд хүрсэнийг Эрчим хүчний байгууллагаас мэдэгдсэн юм. АНУ-ын нефтийн гарц өдрийн 10.9 сая баррельд тогтвортой түвшинд хадгалагдаж байгаа талаар мөн мэдээллэв.

Эх сурвалж: Investing.com