ЕТБ-ний мэдэгдлийн дараа Еврогийн ханш $1.18 хүрч өслөө

Investing.com-Европын Төв банк (ЕТБ)-аас бонд худалдан авах хөтөлбөрийг ойрын хугацаанд зогсоож магадгүй талаар мэдэгдсэний дараа Пүрэв гаригт еврогийн ханш өслөө.

EUR/USD хослолын ханш 0.47%-аар чангарч 1.829 (өглөөний 08:03 GMT)-д хүрснээр 5 дугаар сарын 22-ны өдрөөс хойшхи дээд цэгтээ хүрч өсөөд байгаа юм. Энэ 7 хоногт евро ам.долларын эсрэг 1.47%-аар чангарсан байна.

Өчигдөр ЕТБ-ны ерөнхий эдийн засагч Петер Прает (Peter Praet) инфляци зорилтот 2 хувийн түвшинд хүрнэ гэсэн хүлээлт бодлого тодорхойлогчдын дунд өндөр байгаагаас бонд худалдан авах хөтөлбөрийг зогсоох асуудлыг ирэх 7 хоногийн мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаар хэлэлцэх болсоныг мэдэгдсэнээр евро ийнхүү өсөөд байгаа билээ.

Ингэснээр ирэх 7 хоногт бонд худалдан авах хөтөлбөрийг хэзээнээс зогсоох эсэх нь тодорхой болох боловч Италийн улс төрийн байдлын улмаас тодорхой шийдвэрт хүрэхгүй гэж валют арилжаалагчид таамаглаж байгаа аж.

EUR/JPY хослолын ханш сүүлийн гурван 7 хоногийн дээд түвшин буюу 130.06-д хүрч өссөн бол эсрэгээрээ USD/JPY хослол 0.25%-аар суларч 109.8 хүрч суларлаа.

Хэдийгээр ам.долларын иений эсрэг суларсан ч ирэх лхагва гаригт Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх хүлээлт өндөр байгаагаас  ам.долларын эрэлт өндөр хэвээр байгаа юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөх эдийн засагч энэ 7 хоногийн сүүлээр болох “Их 7”-ийн уулзалтаар Трамп гадаад худалдааны  асуудлаар өөрийн байр сууриа хэвээр хадгалж татварын хэмжээг бууруулахгүй гэсэн мэдэгдэл хийснээр хөрөнгө оруулагчид олон улсын худалдааны маргаанд ихээхэн анхаарал хандуулж байгаа юм.