Ираны эсрэг хориг газрын тосны үнийг өсгөх нөхцөл болж байна.

ОПEК-ийн 3 дахь том үйлдвэрлэгч болох Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс АНУ татгалзаж шинэ хориг тавих боломжтой гэдгээ мэдэгдсэн. 2015 онд  АНУ, ОХУ, Их Британи, Франц, ХБНГУ, БНХАУ зэрэг 6 улстай нийлж цөмийн гэрээ байгуулж  НҮБ, Европын холбоо болон АНУ-аас Ираны эсрэг гаргасан хориг арга хэмжээгээ сулруулаад  байсан юм. Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Иран цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоосон гэж дэлхийн бусад улс орнуудыг хуурч байсныг гэрчлэх “нууц баримтууд” олсон тухай мэдээлсэн. Израилийн Ерөнхий сайд энэ талаар “Эдгээр баримтууд нь Иран хэзээ ч цөмийн зэвсэг боловсруулж байгаагүй гэж ичихгүй худлаа ярьж байсныг илчилж байна.” хэмээн мэдэгджээ. Энэ мэдэгдэлийн дараа EХ-ны эрх баригчид  Ирантай хийсэн гэрээгээ цуцлах санаагүй байгаа бөгөөд  энэ асуудлыг нарийвчлан авч үзэхээ мэдэгдсэн. Ираны Сирийн хямрал дахь оролцоо нэмэгдэхийн хэрээр хуучны дайснууд болох Израил, Ираны харилцаа улам дордоод байгаа юм. 2015 оны цөмийн гэрээний дараагаар 2016 оны 1-р сард Иран улс газрын тосны экспортын томоохон тоглогчийн  байрандаа эргэн ирсэн юм. Иран улс өдөрт 3,8 сая баррeл түүхий тос нийлүүлдэг бөгөөд Хориг арга хэмжээ нь тус улсын 1 сая баррeл түүхий тосыг дэлхийн зах зээлээс тусгаарлаж байсан юм. Иран улсын хамгийн том газрын тосны хэрэглэгч бол Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос юм.

Нөгөөтөйгүүр ОПЕК-ийн үйлдвэрлэлийн гарц тасралтгүй буурч 4-р сард жилийн хамгийн бага түвшин буюу өдөрт 32.12 сая баррел түвшинд хүрэн байна. Энэхүү бууралтад  Венесуэл мөн Ангол дахь  олборлолт жинтэй хувь эзэлсэн.

Венесуэлийн үйлдвэрлэлийн бууралт нь шинэ зүйл биш юм. Эдийн засгийн хямрал гүнзгийрч тус улсын бүтээгдэхүүний гарц  2016 оноос хойш тасралтгүй  буурсан үзүүлэлттэй байна. цаашид ч энэ үзүүлэлт буурах хандлагатайг  ихэнх шинжээчид санал нийлээд буй. Гэвч  үйлдвэрлэлийн бууралтын өөр нэг эх сурвалж болох Ангол нь ОПЕК-ийн үйлдвэрлэлийн зорилтот хэмжээнээс даруй 260000 баррeлиар бага үйлдвэрлэж байгаа юм. Үүний гол шалтгаан нь Ангол улсын газрын тосны орд газрууд нь өртөг өндөртэй бөгөөд шаардлагатай хөрөнгө оруулалт дутмаг байгаатай холбоотой юм.Ерөнхийдөө ОПЕК  4-р сард зорилтот зорилтоосоо 610000 баррeлиар буурсан нь гэрээний хэрэгжилт 162%-д хүрч өссөн байна.  Газрын тосны үнэ өссөн нь Саудын Араб зэрэг газрын тос экспортлогч орнуудын эдийн засагт эерэгээр нөлөөлж буй тиймээс ч тус улс түүхий эдийнхээ ханшийг өндөр байлгахыг ихээхэн чармайж байна.  Мөн АНУ-ын занарын үйлдвэрлэл, түүхий эдийн нийлүүлэлт өсөж байгаа нь үнийн өсөлтийг хязгаарлаж байгаа юм.