Иран улсын эсрэг авсан хориг арга хэмжээтэй холбогдуулан газрын тосны ханш өсөв

Сингапур (Ройтерс)-АНУ ирэх 11 дүгээр сараас эхлэн Иран улсын эсрэг газрын тосны хориг арга хэмжээ авахаар зэхэж байгаа бөгөөд ингэснээр зах зээлд газрын тосны нийлүүлэлт буурна гэсэн хүлээлтийн дагуу ханш өсөв.

Брент төрлийн газрын тосны ханш 72.24 ам.долларт хүрч 3 центээр өссөн бол Вест Техас төрлийн газрын тосны ханш 24 центээр өсч 66.67 ам.долларт хүрч өсөв.

Арилжаачид ирэх 11 дүгээр сараас хэрэгжиж эхлэх хориг арга хэмжээний улмаас гарц буурч ханш өснө гэж таамаглаад байгаа билээ.

Газрын тосны ханш огцом өсөхөөс сэргийлж АНУ даваа гаригт өөрсдийн нөөц сангаас 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 11 сая баррель газрын тос зах зээлд нийлүүлэхээ мэдэгдээд байгаа юм.

“BNP Paribas”-ын Франц дахь салбараас энэхүү хоригийн улмаас газрын тосны гарц буурахаас гадна ОПЕК-ийн орнуудын өдрийн гарц 32.1-ээс 31.7 сая баррель болж буурна гэж таамаглажээ. Гэсэн хэдий ч нөгөө талдаа олон улс дахь худалдааны маргаан хурцдаж газрын тосны эрэлт буурах хүлээлттэй байгаа юм.

Энэ 7 хоногт БНХАУ-ын төлөөлөгчид АНУ-ын Вашингтоны эрх баригчидтай хоёр улсын хоорондын худалдааны маргааны асуудлаар уулзалт хийх ба зах зээлд тодорхой зөвшилцөлд хүрнэ гэсэн хүлээлт өндөр байгаа боловч өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-тай хэлэлцээрт хүрэх боломж тийм ч өндөр биш байгаа талаар мэдэгджээ.

Түүнчлэн Иран улсын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний олон улс дахь үр нөлөө одоог хүртэл тодорхойгүй байгаа юм. БНХАУ АНУ-ын хориг арга хэмжээг үл харгалзан Иран улстай газрын тосны худалдаа хийж байгаа бөгөөд ОПЕК-ийн орнууд Иран улсын орон зайг нөхөж чадахгүй гэжээ.

“BNP Paribas”-аас ОПЕК-ийн гишүүн бус орнуудын гарц 2018 онд өдрийн 2 сая баррелиар нэмэгдэх бол ирэх жил 1.9 сая баррелиар өснө гэж таамаглажээ. Мөн АНУ-ын газрын тосны цооногийн дэд бүтцийн асуудал хэрхэн шийдэгдэхээс хамаарч ОПЕК-ийн бус орнуудын гарц тодорхойлогдохоор байгаа юм. Тус компаниас 2018 болон 2019 онд газрын тосны эрэлт өдөрт 1.4 сая баррелиар нэмэгдэнэ гэж төсөөлөөд байгаа ажээ.

Дэлхий дахинд газрын тосны цооног гаргах үйл ажиллагаа сүүлийн 2 жилд эрчимтэй нэмэгдэж 1,013-аас 1,664 цооногт хүрч өссөн бол Хойд Америкт энэ тоо 491-ээс 1,057 болж огцом өссөн байна.

Эх сурвалж: Investing.com