Италийн төсвийн асуудлаас үүдэн алт чангарав

Италийн өнөөгийн санхүүгийн нөхцөл байдлаас үүдэн алтны ханш чангарлаа. Европын Холбооноос Италийн төсөвтэй холбоотой асуудал тэр дундаа тасралтгүй нэмэгдэж буй төсвийн алдагдал алтны ханш өсөхөд нөлөөлж байгааг онцолжээ.

Тус улсын ахлах хуульч Клаудио Бори өнөөгийн бүх асуудлыг үндэсний валют гаргасан тохиолдолд шийдэж болох боловч Итали улс еврогоос татгалзах сонирхолгүй байгаа гэжээ.

Ирэх 12 дугаар сард биелэх алтны фючерс ханш Нью-Йоркийн Комекс таваарын бирж дээр 0.01 хувиар өсч унц алт 1,187.5 ам.доллартой тэнцээд байна.

Ам.долларын голлох 6 валютын хэлбэлзлийг хэмждэг ам.долларын индекс 0.2 хувиар суларч 94.98 нэгжид хүрсэн байна.

Түүнчлэн, ХНБ-ны тэргүүн Жером Пауэл мягмар гаригт Бостонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр ажилгүйдлийн түвшин бага байгаа нь Төв банк хүүгээ нэмэгдүүлэх үндэслэл болохгүй гэдэгт итгэлтэй байна гэжээ. Мөн тэрээр “Цалингийн өсөлт инфляци болон ажлын бүтээмжтэй уялдан бий болж байна. Хэрэв бусад хүчин зүйлс тогтмол буюу өнөөгийн түвшинд хадгалагдаж цалин энэ эрчээрээ өсвөл инфляци өсөх гол шалтгаан болох юм. Иймд энэхүү цалингийн өсөлтөөс ажил эрхлэлтийн хөөсрөлт харагдахгүй байна.” гэжээ.

Эх сурвалж: Investing.com