Италийн төсвийн асуудлын улмаас евро чангарч ам.доллар суларлаа

Европын Холбооны санхүүгийн журмыг зөрчсөн гэж тус Холбооноос буцаасан Италийн төсвийн төсөл буцаагдаж магадгүй болсонтой холбогдуулан евро чангарч ам.доллар суларлаа.

Ам.долларын голлох 6 валютын эсрэг хэлбэлзлийг хэмждэг ам.долларын индекс 0.1 хувиар суларч 95.28 нэгжид хүрчээ.

Вашингтон болон Бээжингийн хооронд өрнөөд буй худалдааны дайны улмаас БНХАУ-ын Засгийн газар эдийн засгаа дэмжих хүрээнд ирэх жил татварын хэмжээг бууруулна гэснээр хувьцаанууд огцом өсч цаашлаад бусад зах зээлд сэргэлт ажиглагджээ.

Мөн хөрөнгө оруулагчид Итали болон Европын Холбооны хооронд Италийн төсвийн төслийн асуудалтай холбоотой үүсээд буй маргааныг нүд цавчихгүй ажиглаж байгаа билээ.

Ням гаригт Ройтерс агентлаг Европын Холбооноос Италийн төсвийн төслийг Мягмар гаригт албан ёсоор буцаах болсон талаар мэдээллэсэн юм. Үүнээс хоёр хоногийн өмнө буюу өнгөрсөн баасан гаригт Мүүдиз агентлаг Италийн ирэх жилийн төсвийн алдагдлын төсөөллийг үндэслэн зээлжих зэрэглэлийг “Baa2”-оос “Bаа3” болгож бууруулахад Итали ирэх жил төсвийн алдагдалаа ДНБ-нийхээ 2.4 хувьтай тэнцэнэ гэж төсөөлсөн нь ийнхүү зэрэглэл буурах гол шалтгаан болжээ. Гэсэн хэдий ч ойрын хугацаанд зэрэглэлийг дахин бууруулахгүй гэснээр хөрөнгө оруулагчдын айдсыг хазаарлаж евро өсөхөд нөлөөлөв. EUR/USD хослолын ханш 0.23 хувиар өсч 1.154-д хүрч өсөв. Харин иен голлох валютуудын эсрэг суларсан ба үүнд EUR/JPY хослол 0.42 хувиар өсч 130.12, USD/JPY хослол 112.72 нэгжид тус тус хүрч өсчээ.

Эх сурвалж: Investing.com