Италийн улс төрийн тогтворгүй байдалтай зэрэгцэн ам.доллар иенийн эсрэг суларсаар байна

Европ дахь улс төрийн тогтворгүй байдал, дэлхийн томоохон гүрнүүдийн худалдааны дайн, АНУ-ын бондуудын өгөөж өсөхтэй зэрэгцэн мягмар гаригт ам.доллар иений эсрэг суларлаа.

Өнгөрсөн пүрэв гаригт сүүлийн 11 сарын доод түвшин болох 114.55 иентэй тэнцээд байсан ам.долларын иений ханш өнөөдөр бага зэрэг суларч 113.04 иентэй тэнцэв.

Токио дахь Мизүхо Секьюритизийн арилжааны шинжээч Масафүми Яамамото “АНУ-ын бондуудын өгөөж өссөнөөр хувьцааны зах зээлийн идэвхижил нэмэгдэж улмаар иен чангарахад нөлөөлсөн ч энэхүү уналт тийм ч удаан үргэлжлэхгүй. Одоогоор ам.долларын иен (USD/JPY)-ийн хослолын ханш 113-тай тэнцсэнээр ам.доллар худалдан авах сайхан боломж” гэдгийг мөн тэрээр онцлов.

Ам.долларын голлох 6 валютын эсрэг хэлбэлзлийг хэмждэг ам.долларын индекс 95.774 нэгжид хүрч өмнөх 7 хоногоос бага зэрэг суларчээ.

АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бонд 3.2404 хувьтай тэнцэж өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байгаа байна.

Европын Холбоо болон Италийн төсвийн асуудлын улмаас евро сүүлийн 7 долоо хоногийн доод түвшин 1.1488-д хүрчээ.

Даваа гаригт Италийн 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 30 нэгжээр өсч 3.626 хувьд хүрснээр 2014 оны 2 дугаар сараас хойшхи дээд түвшиндээ хүрч өссөн бөгөөд даваа гаригт Италийн Ерөнхий сайд Маттео Салвини хэвлэлийн бага хурлын үеэр Европын Хорооны Ерөнхийлөгч Жийн Клауд Жанкер болон Эдийн засгийн комиссар Московичи нарыг Европын Холбооны дайснууд хэмээн улс төрийн тогтворгүй байдлыг улам нэмэгдүүллээ.

Евро иенийн хослол (EURJPY)-ын ханш 0.15 хувиар суларч 129.95-д хүрснээр сүүлийн 4 долоо хоногийн доод түвшинд очиход ойртов. Юаний хувьд бага зэрэг суларч 0.35 хувиар мөн суларч ам.доллар 6.9263 юаньтай тэнцэв.

Өнгөрсөн Ням гаригт БНХАУ-ын Төв банк худалдааны маргаан ширүүсч байгаатай холбогдуулан санхүүгийн зах зээлээ дэмжсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх болсоноо зарласан билээ.

Өчигдөр буюу даваа гаригт АНУ-ын Сангийн яамнаас юаний хэлбэлзлийг анхааралтай ажиглаж байгаа гэж мэдэгдсэн юм.

“Мизүхо”-ийн Яамамото “АНУ-ын бондын өгөөж өсч байхад БНХАУ хүчээр Засгийн газрын бондын өгөөжөө бууруулж байгаа нь ам.доллар чангарах нөхцөлийг бүрдүүлж байна” гэжээ.

Эх сурвалж: Investing.com