Мүүдиз БНТУ-ын зээлжих зэрэглэлийг Ba3 болгон бууруулж төлөвийг сөрөг болголоо

ИСТАНБУЛ (Ройтерс)-Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдиз агентлаг БНТУ-ын зээлжих зэрэглэлийг Ba2-оос Ba3 түвшин болгон бууруулж төлөвийг сөрөг болгожээ. Ийнхүү бууруулахад төрийн өмчит байгууллагуудын эрсдэл даах чадамж буурч, Турк лира огцом суларч эдийн засгийн хямралын өмнө ирээд буй тус улсын улс төрийн тодорхойгүй байдал голлон нөлөөлсөн хэмээн тайлбарлажээ.

Мүүдиз агентлаг тайландаа “Эдийн засгийн хямралын түвшинд хүрээд буй цагт авч хэрэгжүүлэх тодорхой нарийвчилсан төлөвлөгөө байхгүй байна” гэжээ. Мүүдиз ийнхүү Туркийн зээлжих зэрэглэлийг бууруулснаар Стандарт энд Пүүрс мөн бууруулж магадгүй болоод байгаа юм.

Түүнчлэн Мүүдиз “Турк лира огцом сулрахын зэрэгцээ гадаад өр болон гадаад секторын эрсдэл нэмэгдэж байгаа нь инфляцид сөргөөр нөлөөлж эдийн засгийн идэвхжил суларч, төлбөрийн тэнцэлийн дарамт үргэлжлэх төлөвтэй байна” гэжээ.

Хөгжиж буй орнууд Турк лира их хэмжээгээр зарж хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлөөд байгаа бөгөөд Турк лира энэ жил ам.долларын эсрэг 40 хувиар сулраад байгаа юм.

АНУ болон БНТУ-ын улс төрийн маргааны улмаас Вашингтоны эрх баригчид БНТУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлснээр хөрөнгө оруулагчид их хэмжээгээр Турк лира зарах болсон юм.

 

Эх сурвалж: Reuters.com