Нийлүүлэлт буурч газрын тосны ханш өсөв

Лондон (Ройтерс)-ОПЕК-ийн орнуудын гарц тааруухан, БНХАУ-ын нефтийн эрэлт өндөр байгаагаас Мягмар гаригт газрын тосны ханш 7 дугаар сараас хойшхи дээд түвшиндээ хүрч чангарлаа.

Брент төрлийн газрын тосны ханш 76.65 ам.долларт хүрч 44 центээр өсөв.

ОПЕК болон ОХУ-ын хоорондын гарц танах хэлэлцээрт нийлүүлэлтийг 9 хувиар бууруулах талаар өнгөрсөн 7 дугаар сард тохиролцсон ба үүний зэрэгцээ зах зээлд эрэлт өндөр байгаагаас ханш өсөхөд голлон нөлөөлжээ. Хэдийгээр он дуустал зах зээл харьцангуй тогтвортой байна гэж таамаглаж байсан хэдий ч Иран улсын эсрэг авч буй хориг арга хэмжээ зах зээлийн тэнцвэрт байдалд ихээхэн нөлөөлж байгааг онцолжээ. Нөгөөтэйгүүр, эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал зах зээлд дарамт болж байгаа юм.

ОПЕК-ийн орнуудын Хяналтын хорооноос өнгөрсөн 5 болон 6 дугаар сард гарц төлөвлөгөөт хэмжээний дагуу байсан хэдий ч зах зээл дэхь эрэлтийг хангаж чадахгүй байна гэжээ.

ОПЕК-ийн орнууд 2016 онд газрын тосны өдрийн гарцыг 1.8 сая баррелиар бууруулахаар тохиролцож 2017 оноос эхлэн танаад байсан юм.

Өнгөрсөн 7 хоногт нэг баррель нефтийн ханш 70 ам.доллароос буурахад АНУ болон БНХАУ-ын худалдааны маргааны хэлэлцээрийн үр дүн нөлөөлсөн бөгөөд хөрөнгө оруулагчид хэрэв хоёр улс тодорхой хэлэлцээрт хүрэхгүй бол дэлхийн эдийн засгийн өсөлт тэр дундаа газрын тос импортлогчдын нефтийн хэрэглээнд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байсан юм.

Гэтэл БНХАУ-ын газрын тосны импорт 8 дугаар сард 40 хувиар өсч эрэлт өндөр байгааг илтгэж ханш өссөн боловч цаашид үнэ өсөхөд ирэх 11 дүгээр сараас хэрэгжиж эхлэх Иран улсын эсрэг тавьж буй хориг арга хэмжээний хүрээнд газрын тосны өдрийн гарц 600 мянгаас 1.5 сая баррелиар буурна гэсэн хүлээлт хамгийн өндөр нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм.

Түүнчлэн Олон Улсын Эрчим Хүчний Агентлагаас байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Венесуэль улсын гарц буурна гэж мэдэгджээ.