НҮБ-ЫН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ЖЕНЕВТ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭНД ОРОЛЦОХЫГ ЕВРОПЫН ХОЛБОО СИРИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ УРИАЛЛАА

“Сирийн иргэний дайныг зогсоох боломж хэзээ ч байгаагүй” гэж Европын Холбооны Гадаад бодлого хариуцсан дарга Федерика Могерини мэдэгдлээ. Тэрбээр НҮБ-ын дэмжлэгтэйгээр Женевт яриа хэлэлцээнд оролцохыг Сирийн Засгийн газарт уриалсан байна. Федерика Могерини “Одоогоор хэн ч яриа хэлэлцээ хийх шинжгүй байна. Яриа хэлэлцээ хийхийн төлөө хэлэлцээ хүлээх шаардлага байхгүй. Бид Женевт улс төрийн яриа хэлэлцээ эхлүүлэх, үүнд маш нухацтай хандах шаардлагатай. Эс бөгөөс энэ устгал сүйрлийн тойрог эргэлдсэн хэвээр л байна. Үүний үр дүнд аль ч талд ашиггүй, эцэс төгсгөлгүй зөрчилдөөн үүсэх эрсдэлтэй” гэж мэдэгдлээ.

АНУ холбоотон орнуудын хамтаар Сирийн химийн зэр зэвсэг хадгалагдаж байсан байршлуудад агаарын цохилт өгснөө мэдэгдээд байна. “Агаарын цохилтын үеэр Сирийн арми ямар ч эсэргүүцэл үзүүлж чадаагүй” гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп онцолжээ. Дональд Трамп “100 гаруй пуужин харвахад тэд нэгийг нь ч онож унагаагаагүй. Сиричүүдийн тоног, төхөөрөмж нэг их сайн ажилласангүй. Тэд 40-ийг нь, эсвэл 15-ыг нь онож унагаасан л гээд байсан. Би лавлаж асуухад нэгийг нь ч оноогүй байсан” хэмээн мэдэгдэв.

Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Игор Конашенков өөр байр суурь илэрхийлсэн байна. Тэрбээр “Сирийн ашиглаж байгаа ОХУ-ын агаарын хамгаалалтын систем нь АНУ тэргүүтэй улсын агаарын цохилтыг бүрэн эсэргүүцсэн” гэдгийг цохон тэмдэглэжээ. Игор Конашенков “Агаарын довтолгоо эсэргүүцэх үед ОХУ-д үйлдвэрлэсэн нисэх онгоц эсэргүүцэгч пуужин, галт зэвсгийн “Pantsir” систем идэвхжсэн байсан. Энэ системийг ОХУ Сирийн армид нийлүүлсэн. Энэхүү систем агаарын довтолгоог бараг 100 хувь найдвартай эсэргүүцэх чадвартай. Нэг зүйлийг тодотгож хэлмээр байгаа нь Сирийн арми ашиглаж байгаа агаарын аюулгүй байдлын систем нь хамгаалалтын журамд суурилсан. Сирийн агаарын хүчин өөрсдөд рүү нь онилсон 103 далавчит пуужингийн 71-ийг нь устгаж сөнөөсөн” гэсэн байна.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “Британичууд эрх ашгаа хамгаалахын тулд АНУ-тай нэгдмэл байр суурьтай байгаа” гэсэн тайлбар өгчээ. Тереза Мэй “Нэг зүйл тодруулъя. Энэ нь улсын маань эрх ашгийн төлөө болохоор бид нэгдсэн. Сири улс химийн зэвсэг ашигласаар байхыг нь зогсоохын тулд ийм зэвсэг ашиглах ёсгүй гэсэн олон улсын зөвшилцлийг хамгаалахын тулд бид улсынхаа ашиг сонирхлын төлөө үүнийг хийж байгаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүсэлт тавьсан болохоор биш. Бид үүнийг зөв гэж бодсон учраас үүнд бид хамт байх ёстой гэдэгт итгэсэн учраас хийсэн” гэж онцоллоо.

www.bloombergtv.mn