Олон улсад шатахууны ханш тогтвортой түвшинд хадгалагдаж байна

Сингапур (Ройтерс)-Ирэх сард АНУ-аас Иран улсын эсрэг авах хориг арга хэмжээ хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан ханш өсөх хүлээлттэй байгаа ч Даваа гаригт ханш тогтвортой түвшинд хадгалагдав.

Брент төрлийн газрын тосны фьючерс ханш 79.88 ам.доллароор арилжаалагдаж өмнөх хаалтын ханшаас 10 центээр өсөв. Вест Техас төрлийн газрын тосны ханш 69.31 ам.долларт хүрч 19 центээр өслөө.

АНУ-ын Тив хоорондын биржээс Техасын Хюстанд хүргэлттэй фьючерс гэрээгээр арилжаалах Пермиан Вест Техас төрлийн газрын тос өнөөдрөөс эхлэн арилжаалж эхлэх юм.

Ази дахь газрын тосны жишиг ханш болдог Вест Техас төрлийн газрын тосны ханш хориг арга хэмжээ эхлэхтэй зэрэгцэн тогтворжоод байгаа юм.

Өнгөрсөн 6 дугаар сард ОПЕК-ийн орнууд зах зээлд дэхь тэнцвэрт байдлыг хадгалах, өөрөөр хэлбэл Иран улсын орон зайг нөхөх зорилгоор гарцаа нэмэгдүүлнэ гэсэн ч Ройтерсийн судалгаагаар Саудын Араб Иран, Венесуэль болон Анголийн нийлүүлэлтийг дангаар хангаж чадахгүй байгааг мэдээллэжээ.

Олон улсын эрчим хүчний агентлагийн гүйцэтгэх захирал Даваа гаригт эрэлт өндөр байгаа өнөө үед газрын тос олборлогч орнууд Иран улсын нийлүүлэлтийг хангаж чадахгүй төдийгүй ханш цаашид үргэлжлүүлэн чангарна гэжээ. Мөн шинжээчид зах зээлд хомсдол бий болж магадгүй хэмээн газрын тос хэрэглэгч орнууд шатахуун нөөцөлж байна гэжээ.

Сингапур дахь “Oanda” фьючерс брокерийн Ази номхон далайн орны ахлах шинжээч  “БНХАУ-д улирлын чанартай шатахууны эрэлт өсч, дэлхийн зах зээлд гарц танагдана гэсэн хүлээлтийн дор шатахуун нөөцөлж байна. Гэсэн ч нийлүүлэлт эрэлтийг хангах түвшинд байгаа” гэжээ.

Түүнчлэн, Хойд Америк гарцаа нэмэгдүүлж магадгүй гэсэн таамаг байгаа юм. 2018 оны 10 дугаар сарын 19-ний байдлаар АНУ-д дөрвөн шинэ газрын тосны цооног шинээр гаргаж нийт цооногийн тоо 873-т хүрсэнээр 2015 оноос хойш дээд түвшинд хүрчээ.

АНУ-ын газрын тос олборлох цооногийн хэмжээгээр ирээдүйд олборлох гарцын хэмжээг таамаглаж болдог тул ийнхүү цооногийн тоо хэмжээ тасралтгүй өсч байгаа нь олборлолт өснө гэсэн хүлээлтийг бий болгож байна.

Эх сурвалж: Investing.com