ОПЕК-ийн орнуудын газрын тосны гарц нэмэгдэж ханш сулрав

Мягмар гаригт ОПЕК-ийн орнуудын 7 дугаар сарын газрын тосны нийлүүлэлтийн хэмжээ он гарснаас хойш хамгийн өндөр хэмжээнд хүрээд байгаа талаар мэдээллэж газрын тосны ханш сулрав.

Ийнхүү IX сард биелэх Брент төрлийн газрын тосны фьючерс ханш 7 центээр буурч баррель нь 74.9 ам.долларт хүрлээ.

Харин АНУ-ын Вест Техас төрлийн газрын тосны ханш 6 центээр суларч 70.08 ам.долларт хүрчээ.

Ройтерс байгууллагын судалгаагаар ОПЕК-ийн орнууд 7 дугаар сард газрын тосны гарцаа нэмэгдүүлсэн гэжээ.

ОПЕК-ийн орнууд өдрийн гарцаа 70 мянган баррелиар нэмэгдүүлж өдрийн гарц 32.64 сая баррельд хүрч он гарснаас хойшхи хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа юм.

Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын газрын тосны нөөцийн хэмжээ буурч мөн Канадын “Syncrude”-ийн гарц ойрын хугацаанд нэмэгдэхгүй гэсний дараагаар Вест Техас төрлийн газрын тосны ханш өсөөд байсан билээ.

Кюшин дэхь газрын тосны нөөцийн хэмжээ 7 дугаар сарын 20-ны байдлаар 23.7 сая баррельд хүрснээр 2014 оны 11 дүгээр сараас хойшхи хамгийн бага түвшинд хүрсэн юм.

Эрчим хүчний “Genscape” компани Кюшин дэхь газрын тосны нөөцийн хэмжээ өнгөрсөн 7 хоногт ойролцоогоор 1 хувь буюу 200 мянган баррелиар өссөн гэж мэдэгдсэн талаар шинжээчид онцолжээ.

Ираны эсрэг тавих газрын тосны экспортын хоригийн хүрээнд сүүлийн 2 долоо хоногийн турш буураад байсан газрын тосны ханш буцаад сэргэв. Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иран улсын ерөнхийлөгч Хасан Руинитай уулзах болсоноо мэдэгдээд байгаа юм.