ОПЕК-ийн орнууд газрын тосны гарцаа нэмэгдүүлж магадгүй байна.

Газрын тосны нийлүүлэлт өнөөгийн түвшинд хадгалагдвал зах зээлд хомсдол үүсч үнэ өснө гэсэн Саудын Арабын ятгалтын үр дүнд Иран улс газрын тосны гарцыг танах байр суурьнаасаа аажим татгалзаж ОПЕК-ийн орнууд нефтийн гарцыг нэмэгдүүлэхэд тун ойр байна.

Иран зарим нөхцөлт болзолын хүрээнд гарцыг нэмэгдүүлэх шийдвэрт нэгдэж магадгүй байгаа бөгөөд өдрийн гарцыг 1 сая баррель эсхүл нийт нийлүүлэлтийг 1 хувиар нэмэгдүүлэх шийдвэрт хүрч магадгүй байгаа талаар ОПЕК-ийн эх сурвалж Ройтерсд мэдээллэжээ.

Газрын тосны топ хэрэглэгчид болох БНХАУ, Энэтхэг, АНУ зэрэг орнууд гарцыг нэмэгдүүлэх байдлаар үнэд нөлөөлж дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор ОПЕК-ийн орнууд маргааш буюу баасан гаригт хуралдаж газрын тосны гарцын хэтийн төлөвийг хэлэлцэх юм.

ОПЕК-ийн гишүүн бус ОХУ-аас өдрийн гарцыг 1.5 сая баррелиар нэмэгдүүлэх санал гаргаад байгаа бол Саудын Арабын Ерөнхий сайд Халид Ал Фалих пүрэв гаригт 2018 оны хоёрдугаар хагас гэхэд газрын тосны хомсдол үүсэх магадлалтай учраас энэхүү эрсдэлээс сэргийлэхийн тулд гарцыг дор хаяж 1 сая баррелиар нэмэгдүүлэх шаардлагатай гэжээ.

ОПЕК-ийн гишүүн орнууд өнгөрсөн оноос хойш газрын тосны өдрийн гарцыг 1.8 сая баррелиар танаад байгаа ба ингэснээр зах зээлийн тэнцвэрт байдалд эерэгээр нөлөөлж 2016 онд 26 ам.доллар байсан нэг баррель газрын тосны ханш өнөөдөр 73 ам.долларт хүрээд байгаа юм.

Гэтэл сүүлийн саруудад Венесуэль, Ливи, Ангол зэрэг улсууд өдрийн гарцыг 2.8 сая баррелиар танаж мөн АНУ-ын хоригоос үүдэн Иран улсын гарц  буурах хүлээлттэй байгаа билээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шахалтаар газрын тосны үнэ буулгах дарамтан дор ОПЕК-ийн орны гурав дахь том газрын тос олборлогч Иран улс газрын тосны гарцыг нэмэгдүүлэх шинэ хэлэлцээрийн гол бэрхшээл болж байгааг ОПЕК-ийн гишүүн орнууд онцолжээ.

Өчигдөр Ираны газрын тосны сайд Бижан Занганех ОПЕК-ийн орнууд нийлүүлэлтийг хазаарлах үйл ажиллагаанд тодорхой квотоор нэгдэж гарцыг танах хэрэгтэй гэсэн билээ. Учир нь Саудын Араб төлөвлөгөөт хэмжээнээс хэтрүүлэн гарцаа танаад байгаа юм.

“Газрын тосны эрэлтийг хангаж, ОПЕК-ийн бүх гишүүн орнууд гарц танах хэлэлцээрийг дэмжвэл гарцыг нэмэгдүүлэхэд асуудалгүй харин гадаад хүчин зүйлээс шалтгаалах дарамт шахалтын дор гарцыг нэмэгдүүлэх нь зохисгүй” гэж Ираны шинжээч хэлэв.

Экуадор улсаас ОПЕК болон тэдгээрийн түнш орнууд 0.5-0.6 сая баррелиар газрын тосны нийлүүлэлтийг бууруулах боломжтой гэж үзэж байгаа аж.

 

Эх сурвалж: Investing.com