ОПЕК-ийн орнууд Трампын шаардлагад хариу хүргүүлснээр шатахууны үнэ өсөв

ОПЕК-ийн орнууд Дональд Трампын шатахууны үнийг бууруул гэсэн шаардлагад хариу хүргүүлснээр нефтийн үнэ Даваа гаригт 1 хувиар чангарч сүүлийн 2 сарын дээд түвшиндээ хүрч өслөө.

Нью Йоркийн Таваарын бирж дээр Вест Техас төрлийн газрын тосны 11 сард биелэх фьючерс ханш 1.1 хувиар өсч 71.54 ам.долларт хүрсэн бол Лондонгийн тив хоорондын бирж дээр Брент төрлийн 12 дугаар сард биелэх фьючерс ханш 1.3 хувиар өсч 79.22 ам.долларт тус тус хүрч өсчээ.

Ийнхүү өсөхөд ОПЕК-ийн орнуудын өнгөрсөн амралтын өдрүүдэд зөвхөн хэрэглэгчдийн хүсэлтээр гарцын хэмжээг нэмэгдүүлж болно гэсэн мэдэгдэл нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, Саудын Араб, ОХУ болон бусад холбоотнууд гарцаа нэмэгдүүлэх талаар мэдэгдэл хийхгүй байгаа нь гарц нэмэгдэхгүй гэсэн хүлээлт өндөр байгаа юм.

Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОПЕК-ийн орнуудыг үнээ буулгахыг шаардсан ба тухайлба өөрийн Твиттер хуудаснаа “Бид Зүүн дундад орнуудыг хамгаалсаар ирсэн бөгөөд бидэнгүйгээр тэд аюулд өртөхөд бэлэн байна. Тэдэнд шатахууныг хэтэрхий өндөр үнээр нийлүүлж байна. ОПЕК-ийн орнууд үнээ буулгах хэрэгтэй” гэжээ.

БНХАУ өнөөдөр АНУ-тай хийхээр төлөвлөж байсан худалдааны хэлэлцээрийг албан ёсоор цуцалсан талаар холбогдох албан хүн мэдээллэсэн юм. Өнөөдөр эдгээр хоёр улс харилцан өндөр хэмжээний татвар ногдуулаад байгаа юм. Тодруулбал, АНУ БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулсан бол БНХАУ АНУ-ын 60 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд тус тус татвар ногдуулаад байгаа билээ.

БНХАУ-ын Ренмин их сургуулийн олон улсын харилцааны профессор Ши Инхонг “АНУ манай улсын эсрэг дахин шинэ хориг тавьж, өндөр татвар ногдуулсны дараа хэлэлцээрийг үргэлжлүүлэх нь доромжлол хүссэн хэрэг болно” гэжээ.

Өнгөрсөн 7 хоногт газрын тосны цооног 866-аар нэмэгдсэн талаар газрын тосны үйлчилгээний фирм Бейкер Хьюгес өнгөрсөн баасан гаригт мэдээллэжээ.

Ройтерс агентлаг ОПЕК болон ОПЕК-ийн гишүүн бус орнууд ирэх 12 дугаар сард болох уулзалтаар 500 мянган баррелиар нэмэгдүүлж магадгүй гэжээ.