Сүүлийн 3 хоногт анх удаа газрын тосны ханш өсөв

Токио (Ройтерс)-Дэлхийн томоохон хоёр гүрний худалдааны маргааны асуудлын улмаас бий болох дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв байдал цаашлаад газрын тосны эрэлт буурах болон өсөн нэмэгдэж буй нийлүүлэлт зэрэг дарамтыг үл тоон газрын тос сүүлийн 3 хоногт анх удаа ийнхүү өслөө.

Өнөө өглөө Брент төрлийн газрын тосны фьючерс ханш 36 цент буюу 0.5 хувиар өсч 76.27 ам.долларт хүрч өсчээ. Мягмар гаригт ханш 1.8 хувиар суларч 75.09 ам.доллартой тэнцсэнээр 8 дугаар сарын 24-ны өдрөөс хойшхи доод түвшиндээ хүрч буураад байсан юм.

АНУ-ын Вест Техас төрлийн газрын тосны ханш өнөөдөр 27 центээр буюу 0.4 хувиар өсч 66.45 ам.долларт хүрэв. Мягмар гаригт тус ханш 1.3 хувиар суларч 65.33 ам.долларт хүрсэнээр 8 дугаар сарын 17-ны өдрөөс хойшхи доод түвшинд хүрсэн юм.

Дээрх хоёр дэлхийн жишиг газрын тосны ханш 10 дугаар сарын эхний 7 хоногт сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрч өссөн боловч үүнээс хойш суларсаар нийт 10 ам.доллароор сулраад байгаа юм.

Америк болон Хятадын хооронд үүсээд буй худалдааны маргааны асуудлаас үүдсэн үнэт цаасны зах зээл дэхь тогтворгүй байдал газрын тосны ханшид сөргөөр нөлөөлж ханш сулархад хүргэсэнийг дурьдах нь илүүц биз.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сард болох уулзалтаар түүхэн гайхалтай хэлэлцээр хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн хэдий ч хэрэв хэлэлцээр амжилтгүй болох тохиолдолд Вашингтон хэдэн тэрбум ам.долларын шинэ татвар дахин ногдуулахаа мэдэгдээд байгаа юм.

Трамп хэзээ ч хэлэлцээр хийхэд бэлэн бөгөөд гагцхүү Хятадын талыг хүлээж байгаа гэдгээ мөн мэдэгджээ.

АНУ-аас аль хэдийн БНХАУ-ын 250 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулаад байгаа бөгөөд Хятад үүний хариу арга хэмжээ болгон АНУ-ын 110 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний бараа бүтээгдэхүүнд тус тус татвар ногдуулаад байгаа юм.

Америкийн Эрчим хүчний институцаас АНУ-ын газрын тосны нөөц өнгөрсөн 7 хоногт 5.7 сая баррелиар өсч хүлээлтээс өндөр дүнгээр өссөн талаар мэдээллэжээ.

Өнөөдөр АНУ-ын Засгийн газар газрын тосны нөөцийн талаарх албан ёсны мэдээ танилцуулах бөгөөд хөрөнгө оруулагчид ихээхэн анхаарал хандуулж байгаа юм.