Трамп ОПЕК-ийн орнуудыг үнээ буулга гэж жиргэсний дараа ханш буурав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОПЕК-ийн орнууд газрын тосны үнээ буулгах хэрэгтэй гэж Твиттер хуудаснаа жиргэсний дараа пүрэв гаригт газрын тосны ханш буурлаа.

Брент төрлийн газрын тосны ханш өмнөх өдрийн хаалтын ханшаас 46 цент буюу 0.6 хувиар буурч 77.78 ам.доллар, АНУ-ын Вест Техас төрлийн газрын тосны ханш 16 цент буюу 0.2 хувиар буурч 73.98 ам.долларт тус тус хүрч буурав.

Лхагва гаригийн орой Трамп ОПЕК-ийн орнуудыг газрын тосны үнийг хөөрөгдүүлж байна гэж буруутгасан юм.

Тэрээр “ОПЕК-ийн орнууд байгалийн хийн үнэ өсч байгааг санаж байх ёстой. Тэд үүнд ямар ч нөлөө үзүүлж чадахгүй гэдгээ мартсан байна. ОПЕК үнээ өсгөж, АНУ ялимгүй ашгийн төлөө гишүүн орнуудаа хамгаалсаар ирсэн. Энэ бол нэг гудмын салаа замаар явж байгаатай ижил юм. Тиймээс ЯГ ОДОО ҮНЭЭ БУУЛГА” гэж Твиттер хуудаснаа жиргэжээ.

Ази-Номхон далайн фьючерсийн брокерийн компанийн арилжааны захирал Стифен Иннес “АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн шуугианы хажуугаар, АНУ-ын ерөнхийлөгч Саудын Арабын гарцыг бууруулж Вест Техас төрлийн газрын тосны ханш 75 ам.доллароос бага түвшинд тогтоход хүргэсэн” гэв.

ОПЕК-ийн орнууд болон гишүүн бус түнш орон ОХУ хамтран газрын тосны үнийг өсгөхөөр 2017 оноос эхлэн гарцаа танаж эхлээд байсан билээ.

Ирэх 11 дүгээр сараас эхлэн АНУ Ираны эсрэг хориг тавих болсоноо зарласны дараагаар газрын тосны ханш багагүй өссөн.

Австралийн Үндэсний банк 7 дугаар сарын тайландаа “ОПЕК-ийн орнууд болон ОХУ гарцаа танасан явдал газрын тосны ханш өсөх гол шалтгаан болсон төдийгүй Венесуэлийн нийлүүлэлт зогсч, АНУ-ын Иран улстай байгуулсан гэрээний хугацаа дууссанаар ханш өсөх галын нурамыг улам өрдөж өгсөн” гэв.

Одоогоор Ираны өдрийн газрын тосны гарц 3.8 сая баррель байгаа бөгөөд АНУ-аас Ираны эсрэг тавиад буй экспортын хоригийн улмаас энэ үзүүлэлт буурах хүлээлттэй байгаа юм.

ОПЕК болон ОХУ өнгөрсөн 6 дугаар сард Венесуэль болон Ливи улсын газрын тосны нийлүүлэлт зогссон, түүнчлэн Иран эсрэг тавьсан хоригийн улмаас гарцаа нэмэгдүүлэхээр шийдвэрлээд байсан юм.

Шинжээчид ирэх саруудад Брент төрлийн газрын тосны үнэ 70 ам.доллар хүрч бууран ОПЕК болон ОХУ-ын гарцаа нэмэгдүүлэх шийдвэр энэ оны сүүлээр үр дүнгээ өгнө гэж таамаглаж байгаа аж.

АНУ-ын газрын тосны нийлүүлэлт сүүлийн 2 жилд 30 хувиар нэмэгдэж өдрийн гарц 10.9 сая баррельд хүрээд байна.

Өөрөөр хэлбэл, ОХУ, АНУ болон Саудын Араб зэрэг улсууд дэлхийн газрын тосны эрэлтийг хангаж байгааг илтгэж байна.

 

Эх сурвалж: Investing.com