Турк лира дахин 3 хувиар сулрав

Баасан гаригт АНУ-ын номлогчийн давж заалдах шатны шүүх хурлаар номлогчийг суллахгүй гэсэн шийдвэрийг Туркийн шүүх гаргасны дараа Трамп үүнийг АНУ зүгээр хараад суухгүй гэснээр Турк лира дахин 3 хувиар сулрав.

БНТУ-д 20 жил амьдарсан Христийн номлогч Эндрью Брансоныг саатуулсан явдал АНУ болон БНТУ-ын улс төрийн гол маргаан болоод байгаа төдийгүй Турк лира сулрах гол шалтгаан болоод байгаа билээ.

Мөн Туркийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоганы эдийн засаг дахь нөлөө нэмэгдэж болзошгүй гэсэн болгоомжлол ханшид сөргөөр нөлөөлж улмаар Турк лира он гарсаар ам.долларын эсрэг 40 хувиар сулраад байгаа юм.

Олон улсад Турк лира суларснаар хөгжиж буй орнуудын валют төдийгүй дэлхийн хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлөөд байна. Туркийн эрчим хүчний импортын хараат байдал болон гадаад өрийн асуудал өндөр эрсдэлд орсноор тус улсын хөрөнгө оруулагчдын толгойны өвчин болоод байгаа гэхэд хилсдэхгүй.

Баасан гаригт Мүүдиз болон Стандарт энд Пүүрс зээлжих зэрэглэл тогтоогч агентлаг Турк улсын хөрөнгө оруулалтын зэрэглэлийг бууруулснаар санхүүжилтийн зардал өсч магадгүй юм.

Трамп “Тэд аль дээр номлогчийг сулласан бол нөхцөл байдал ийм түвшинд ирэхгүй байсан. Турк улс маш буруу алхам хийж байна. Хэрэв номлогчийг суллахгүй бид гараа хумхиад зүгээр суухгүй. Тэд манай улсын иргэнийг биднээс авч чадахгүй” гэжээ. БНТУ-ын Измирын шүүх Эндрью Брансоныг суллахгүй гэсэн шийдвэрийн дараа Трамп ийнхүү мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters.com