Турк улс АНУ-ын импортын цахилгаан бараанд хориг тавих болсоноо зарлалаа

Бүгд Найрамдах Турк Улс (БНТУ)-ын ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган өнөөдөр БНТУ болон АНУ хоорондын маргааны хариу арга хэмжээ болгон АНУ-аас импортолж буй цахилгаан барааны эсрэг хориг арга хэмжээ авах болсоноо зарлаж Турк Лираны ханш бага зэрэг тогтворжиход эерэгээр нөлөөллөө.

Өчигдөр Эрдоган бодлогын хүүгээ бууруулж, АНУ-тай харилцаа муудахын хирээр Турк Лира суларч жилийн дүнгээр ам.долларын эсрэг 40 хувиар суларч түүхэн доод түвшин буюу нэг ам.доллар 7.24 Турк лиратай тэнцэжээ.

Өнгөрсөн баасан гаригт Турк Лира ам.долларын эсрэг 18 хувиар суларснаар ЕХ болон АНУ-ын томоохон банк, санхүүгийн байгууллагууд Турк дэхь салбар байгууллагууддаа учирч болох эрсдэлийг тооцоолсон нь хөрөнгө оруулагчдыг багагүй сандаргасан юм.

Мягмар гаригт лира 5 хувь өсч 6.53-д хүрч харьцангуй томоохон өсөлт үзүүлэв.

Ийнхүү өсөхөд Эрдоган эдийн засгийг хяналтандаа байлгаж хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, мөн хоёр оронтой инфляцийг хазаарлахын тулд бодлогын хүүг өсгөхгүй гэсэн Сангийн сайдын мэдэгдэл голлон нөлөөлөв.

Түүнчлэн Эрдоган ард иргэддээ өөрсдийн ам.доллар болон еврогоо зарж үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтворжуулахад хувь нэмэрээ оруулахыг уриалаад байгаа ба АНУ Турк улсыг эдийн засгийн дайны бай болгож байна хэмээн мэдэгдээд байгаа юм.

Тэрээр “Бид хамтдаа ам.доллар төдийгүй бусад гадаад валютын ханш, инфляцийн эсрэг зогсож чадна. Хамтдаа нягт бат бөх байснаар эдийн засгийн тусгаар тогтнолоо хамгаалж чадна” гэжээ.

Мөн БНТУ-аас АНУ-аас импортолж буй цахилгаан бараанд хориг тавихаар болсоноо мэдэгдэж үүгээр зогсохгүй хэрэв тэдэнд Iphone байгаа бол бидэнд Samsung байна хэмээн эдийн засгаа бат хамгаалж зогсохоо илэрхийлжээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ БНТУ-ын металлын экспортод ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлсэн төдийгүй Турк улсын хоёр сайдад хориг арга хэмжээ аваад байгаа юм.

Эрдоган цаашид БНТУ-д оруулах хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжиж ажиллах бөгөөд хэрэв хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхгүй бол гадаад валют худалдан авч дайсандаа өгөх шаардлага үүснэ гэжээ.