ХЯТАДЫН ХӨРӨНГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО БЛОКЧЕЙНЫГ ТӨВЛӨРСӨН БҮТЭЦТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ГЭВ

Өнгөрөгч амралтын өдөр Бээжинд болсон “Хоёр үе шат” нэртэй бага хурлын үеэр Хятадын хөрөнгийн зохицуулах хорооны төлөөлөгч блокчейн технологи нь төвлөрсөн бүтэцтэй байх нь илүү дээр гэсэн мэдэгдэл хийжээ.

Энэ долоо хоногт болж буй Хятадын Улс төрийн зөвлөлийн бага хурлын бодлогын зөвлөх, Хятадын Хөрөнгийн зохицуулах хорооны Технологийн хэлтсийн дарга Жан Ие нь улсын салбарыг хиймэл оюун ухаан, блокчейн зэрэг хөгжингүй технологийг олон нийтийн үйлчилгээнд ашиглахыг уриалав.

Үүний зэрэгцээ, тэрбээр блокчейны олгож буй боломжид итгэж байгаа боловч, уг технологийг бүрэн дүүрэн ашиглахыг тулд төвлөрсөн дэд бүтэцтэй байлгах нь илүү найдвартай гэж тодотгожээ.

Хятадын хөрөнгийн зах зээлийн чиглэлээр дагнасан Securities Times-д өгсөн ярилцагадаа: “Блокчейн нь өөрөө төвлөрсөн аргаар хөгжүүлсэн програм тул төвлөрсөн бус байдлыг нь дэмжих нь бүрэн ул суурьтай байж чадахгүй. Тийм ч учраас олон нийтийн дэд бүтэц бол блокчейны ашиглаж буй чухал онцлог юм.  Нөхцөл байдлаас хамаарч төвлөрсөн бус орчин нь давуу талтай байж болох ч бүх зүйл дээр төвлөрсөн бус байдлаар нь ашиглах шаардлагатай юу гэдэг асуулт бий. Хэрхэн төвлөрсөн дэд бүтцээр дамжуулж төвлөрсөн бус байдлыг бий болгох вэ гэдгийг тодорхойлох нь чухал” гэж ярьжээ.

Хятадын албаны хүмүүс анх удаагаа ийм мэдэгдэл хийж байгаа хэрэг биш юм.

Өнгөрөгч 10 сард Хятадын Ардын банкны дижитал валютын судлагааны лабораторийн дарга Яо Чиан төвлөрсөн эх үүсвэр, хяналттай ч технологийн хувьд төвлөрсөн бус дижитал валют байж болох тухай дүрсэлж байсан. Мөн нэгдүгээр сард Хятадын Ардын банкны дэд ерөнхийлөгч дижитал валютаас блокчейн технологийн үндсэн шинж чанар болох илгээгч хүлээн авагч шууд харьцах (peer to peer), үл танигдах байдал зэргийг байхгүй болгох төлөвлөгөөний тухай хүртэл яриад амжсан.

Үүний зэрэгцээ Хятадын банкны ерөнхийлөгч асан, одоогийн хятад дахь Fintech группын блокчейн судлагаа хариуцсан захирал Ли Лихуй нэгэнтээ IBM, R3 зэрэг корпорациудын ашиглахаар чармайж буй блокчейны төслүүд нь бүрэн төвлөрсөн бус гэхээсээ илүү, хэд хэдэн төвлөрсөн бүтцээс бүрдсэн загвартай болох талаар дурьдаж байжээ.

www.coindesk.com