Хөгжиж буй орнуудын валютууд суларч ам.доллар сүүлийн 13 сарын дээд түвшинд хүрч чангарав

Пүрэв гаригт БНТУ-ын эдийн засгийн хямрал эрсдэл багатай тооцогддог валютуудын эрэлтийг нэмэгдүүлж, нөгөөтэйгүүр хөгжиж буй орнуудын валютуудад дарамт болсноор ам.долларын ханш сүүлийн 13 долоо хоногийн дээд түвшиндээ хүрч чангарав.

Ам.долларын голлох зургаан валютын эсрэг хэлбэлзлийг хэмждэг ам.долларын индекс 96.75 –д хүрч сүүлийн 13 сарын дээд түвшиндээ хүрч чангарчээ.

Туркийн лира суларснаар хөгжиж буй орнуудын валют сулрах гол шалтгаан болж ам.доллар ийнхүү чангараад байгаа билээ. БНТУ-ын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы эдийн засгийн бодлого болон NATO-ын холбоотой хоёр улсын улс төрийн маргааны асуудал хурцадсанаар энэ 7 хоногийн эхэнд Турк лира ам.долларын эсрэг бүх цаг үеийн доод түвшин 7.24-д хүрч сулраад байгаа юм.

Даваа гаригт лира буцаж бага зэрэг чангаран нэг ам.доллар 6 лиратай тэнцэсэн хэдий ч хөгжиж буй орнуудын ханшид тийм ч эерэг өөрчлөлт үзүүлж чадаагүй юм. Жишээлбэл, Энэтхэг улсын рупий түүхэн доод түвшиндээ хүрч, Өмнөд Африкийн ранд өдрийн дотор 2 хувиар суларч, мөн БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд хүлээлтээс муу гарснаар юаний ханш сүүлийн 15 сарын доод түвшиндээ тус тус хүрч сулраад байна.

Ам.доллар чангарснаар евро болон хөгжиж буй орнуудын валютуудад сөргөөр нөлөөлж байгаа талаар IG үнэт цаасны компаний ахлах шинжээч онцолжээ. Мөн Турк лираны огцом уналтаас илүүтэй улс төрийн тодорхойгүй байдал өндөр эрсдэл дагуулж байгааг онцолж энэхүү улс төрийн маргааны үр дүнд БНТУ нь ОХУ, Иран улс болон БНХАУ-ын талд нэгдэж магадгүй гэжээ.

АНУ болон БНТУ-ын улс төрийн маргааны улмаас ЕХ-ын банк, санхүүгийн байгууллагууд эрсдэл хүлээх магадлал өндөр байгаа тул евро сүүлийн 14 сарын доод түвшиндээ хүрч сулрав.

Английн ажилгүйдлийн түвшин огцом буурсна хэдий ч паунд стерлингийн ханш ам.долларын эсрэг мөн сүүлийн 13 сарын доод түвшиндээ хүрч 1.286 ам.доллартой тэнцлээ.

Харьцангуй эрсдэл багатай валютад тооцогддог болохын хувьд иен ам.долларын эсрэг харьцангуй бага хувиар сулраад байгаа юм.