Хөгжиж буй орнуудын толгойны өвчин ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ

АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ өсгөснөөр ам.доллар чангарч, олон улсын худалдааны маргаан ширүүсч, газрын тосны ханш өссөнөөр хөгжиж буй орнуудын инфляци өсөх гол шалтгаан болж байна.

Өнөөдрөөс эхлэн газрын тосны томоохон импортлогчид Тайланд, Индонез, Энэтхэг зэрэг улсын инфляцийн мэдээ гарах бөгөөд эдгээр нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.

Нэг баррель шатахууны үнийг 100 ам.долларт хүргэх асуудлын талаар хэлэлцэж буй ОПЕК-ийн орнууд гарцаа нэмэгдүүлэх хүсэлгүй байгаагаа илэрхийлээд байгаа ба газрын тосны ханш өссөнөөр Филиппин, Индонез, Энэтхэг зэрэг улсуудад хүнд цохилт болж улмаар эдгээр улсын инфляци, урсгал дансанд сөрөг нөлөө үзүүлж, Төв банкууд аль хэдийн мөнгөний хатуу бодлого руу шилжээд байгааг Блүүмбергийн шинжээчид онцоллоо.

Филиппин:

Өндөр татвар, ургац хураалт тааруу байдал болон песо тасралтгүй буурсан зэрэг шалтгааны улмаас оны эхэнд 2.9 хувь байсан инфляци 8 дугаар сард 6.9 хувь болж огцом өсч Төв банкны зорилтот 2-оос 4 хувийг давсан үзүүлэлт болжээ. Блүүбергийн судалгаагаар ирэх 9 дүгээр сард 7 хувьд хүрнэ гэж таамаглаж байгаа юм. Үүний зэрэгцээ шатахууны ханш өссөнөөр байдлыг улам хүндрүүлж байгаа аж. Учир нь тус улсын шатахуун болон инфляцийн хамаарал 0.84 нэгж байдаг талаар Блүүберг мэдээллэжээ.

Энэтхэг:

Блүүмбергийн эдийн засгийн судалгаагаар Энэтхэг улс шатахуунд хамгийн мэдрэг эдийн засагтай улс юм. Хэдийгээр 8 дугаар сард инфляци 3.7 хувьд хүрч Төв банкны зорилтот 4 хувийн түвшнээс бага байгаа боловч рупий тасралтгүй суларч, шатахууны үнэ өссөнөөр цаашид инфляци өсөх эрсдэл өндөр байгаа юм. Тус улсын Төв банкнаас газрын тосны ханш 78 ам.долларт хэлбэлзвэл инфляци 30 орчим нэгж паунтаар нэмэгдэнэ гэж төсөөлж байгаа аж.

Индонез:

Он гарсаар нийт 5 удаа бодлогын хүүгээ өсгөөд буй Индонезийн Төв банк рупианы ханшийг тогтворжуулах болон гадагшлах урсгалыг хазаарлах бодлого баримталж байгаа юм. Газрын тосноос хэт хараат байдлаа бууруулахын тулд эко шатахууны хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээг түлхүү авч хэрэгжүүлж байгаа аж.

Ирэх 9 сард инфляци 3.1 хувьд хүрэх төсөөлөлтэй байгаа бөгөөд энэ нь Төв банкны зорилтот 2.5-аас 4.5 хувийн түвшинд хадгалагдсан хэвээр байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg.com