ХӨНГӨН ЦАГААН, ГАНГИЙН ИМПОРТОД ГААЛИЙН ТАРИФ ТОГТООХ ШИЙДВЭРТ ДОНАЛД ТРАМП ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ган болон хөнгөн цагааны импортод гаалийн тариф тогтоох шийдвэрт гарын үсэг зурлаа. Ийнхүү тэрбээр кампанит ажлынхаа үеэр өгсөн амлалтаа биелүүлснээр 3-р сарын эхээр зарлаж байсанчлан гангийн импортод 25 хувь, хөнгөн цагааны импортод 10 хувийн гаалийн татвар ногдуулахаар боллоо.

Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрт өөрчлөлт оруулах талаар хэлэлцээ хийх үеэр Канад, Мексик улсыг “онцгой тохиолдолд” чөлөөлнө гэж Ерөнхийлөгч хэлсэн байна. Шинэ тариф 15 хоногт хүчин төгөлдөр болно гэжээ.

Тэрээр “Шударга бус худалдаа зөвхөн эдийн засгийн аюул биш энэ нь манай үндэсний аюулгүй байдалтай холбоотой шийдвэр болно. Бусад улсуудын худалдааны түрэмгий бодлого манай улсын ган болон хөнгөн цагааны үйлдвэрлэлд асар их хохирол учруулсаар ирсэн, тиймээс бид шударга худалдаа хийхийг хүсэж байна” гэж мэдэгдсэн байна.

Үүний эсрэг БНХАУ ашиг сонирхлоо хамгаалахын тулд “Хүчтэй хариу арга хэмжээ авна” гэдгийг анхааруулжээ.Дэлхийд эдийн засгаараа хоёрдугаарт бичигддэг улсын хувьд БНХАУ болон АНУ-ын ашиг сонирхол харилцан хамаарал ихтэй хоёр улсын харилцаа худалдааны салбараар хязгаарлагдалгүй улам хурцдаж байгааг олон улсын ажиглагчид онцолж байна.