Цагаан алтны ханш 9.5 жилийн доод түвшинээс эргэн өсч ам.доллар суларлаа

Ам.доллар болон АНУ-ын бондуудын өгөөж буурснаар алтны ханш чангарч, 9.5 жилийн доод түвшиндээ хүрээд байсан цагаан алтны ханш эргэн өслөө.

Наймдугаар сард биелэх нэг трой унц алтны фьючерс ханш Нью-Йоркийн Таваарын биржийн Комекс дээр 12.4 ам.доллар буюу 1.01 хувиар өсч 1,254.2 ам.долларт хүрч өслөө.

Сүүлийн 7 сарын доод түвшин буюу 1,238.8 ам.долларт хүрч буураад байсан алтны ханш БНХАУ болон АНУ-ын татварын асуудлын улмаас хөрөнгө оруулагчид эрсдэлтэй нөхцөл байдалд хөрвөх чадвар өндөрт тооцогддог алтны эрэлт нэмэгдэж ханш эргэн өсөхөд мөн нөлөөлөв.

Ирэх баасан гаригаас эхлэн АНУ БНХАУ-ын 34 тэрбум ам.доллартой тэнцэхүйц хэмжээний бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж эхлэх бөгөөд БНХАУ мөн АНУ-ын мөн дүнтэй тэнцэхүйц хэмжээний бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулахаар зэхэж байгаа юм.

Томоохон гүрнүүдийн худалдааны маргаан АНУ-ын бондуудын өгөөжид сөргөөр нөлөөлж ам.доллар суларснаар алтны ханш ийнхүү өсөөд байна.

Ам.долларын голлох 6 валютын эсрэг хэлбэлзлийг авч үздэг ам.долларын индекс 0.31 хувиар суларч 94.31 нэгжид хүрээд байна.

Алтны ханш нь АНУ-ын бондуудын өгөөж болон ам.долларын ханшаас ихээхэн мэдрэг бөгөөд ам.доллароос бусад валют эзэмшиж буй хөрөнгө оруулагчдын хувьд ам.доллар чангарснаар ам.доллароор илэрхийлэгддэг алт үнэтэй метал болдог. Нөгөөтэйгүүр АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ өсгөхөд ам.доллар чангарч ам.доллароор илэрхийлэгддэг алтны ханш буурдаг.

Ам.доллар суларснаар цагаан алтны фьючерс ханш 9.5 жилийн доод түвшнээс эргэн өсөхөд эерэгээр нөлөөлж унц нь 843.4 ам.долларт хүрч өсөв.

Олон улс дахь худалдааны маргаан, ХНБ-ны бодлогын хүү өсгөх хүлээлт цагаан алтны ханшид дарамт учруулснаар энэхүү өсөлт тийм ч удаан хадгалагдахгүй гэж хөрөнгө оруулагчид үзэж байгаа ч өсөлт үргэлжилсээр байгаа юм.

Бусад үнэт металууд болох мөнгөний ханш 1.42 хувиар өсч нэг трой унц нь 16.06 ам.долларт хүрсэн бол зэсийн ханш 2.92 ам.долларт хүрч буурчээ.

 

Эх сурвалж: Investing.com