Шинжээчид газрын тос 100 ам.долларт хүрнэ гэв

Нью-Йорк/Лондон (Ройтерс)-АНУ газрын тосны гарцаа нэмэгдүүлж, газрын тосны эрэлт харьцангуй тогтвортой байгаа ч арилжаачид шатахууны ханш 100 ам.долларт хүрнэ гэдэгт мөрийцөж эхэллээ.

Ираны улсын эсрэг авч буй газрын тосны экспортын хориг, АНУ-ын шатахуун тээвэрлэлтийн асуудлаас үүдэн ханш сүүлийн 4 жилийн дээд түвшиндээ хүрээд байгаа билээ.

Хэдийгээр нийлүүлэлт талаас газрын тос олборлогч томоохон орнууд хангалттай гэж байгаа боловч хэйдж сан болон бусад эдийн засагчид үүний эсрэг байр суурьтай байгаа бөгөөд 11 сарын 4-ний өдрөөс ханш огцом өсч магадгүй гэж таамаглаж байгаа юм.

Сүүлийн 2 долоо хоногт газрын тосны томоохон импортлогч Энэтхэг болон БНХАУ ирэх сараас эхлэн Иран улсаас шатахуун импортлохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа талаар Мобиус Риск группын ахлах шинжээч онцоллоо. Мөн тэрээр энэхүү хориг арга хэмжээ хүмүүсийн төсөөлснөөс илүү олон үр дагавартай гэсэн аж.

Өнгөрсөн 9 дүгээр сард Иран улс 2 сая баррель газрын тос экспортолж өнгөрсөн 4 сараас хойш 800 мянган баррелиар буурсан талаар тус улсын Эрчим хүчний байгууллагаас мэдээллэж, цаашид хориг арга хэмжээ эхэлснээр дэлхийн зах зээлд 0.5-аас 2 сая баррель шатахууны хомсдол үүснэ гэж урьдчилан тооцоолжээ.

Лхагва гаригт Брент төрлийн газрын тосны ханш 86 ам.долларт хүрсэн бол Вест Техас төрлийн газрын тосны ханш 76 ам.долларт хүрч ханш сүүлийн 4 жилийн түүхэн дээд түвшинд хадгалагдсан хэвээр байна.

Саудын Араб болон ОХУ саяхан гарцаа нэмэгдүүлэх болсноо мэдэгдэж, АНУ-ын шатахууны гарц түүхэн дээд хэмжээ 11.1 сая баррельд хүрсэн ч Иран улсын орон зайг нөхөж чадахгүй гэж шинжээчид үзэж байгаа юм.

Эх сурвалж: Investing.com