ӨНГӨРСӨН 11-Р САРД ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ВАНТ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ “АГШСАН” БАЙНА

Эх сурвалж: www.finimize.com

ЮУ БОЛЖ БАЙГАА ВЭ?

Даваа гарагт зарлагдсан 11-р сарын үзүүлэлтээр, хөрөнгө оруулагчид Их Британийн эдийн засгийг тэлнэ гэж таамаглаагүй ч, хэн ч эсрэгээрээ агшина гэж бодоогүй юм.

ЭНЭ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ?

Сүүлийн хэдэн жилийн турш Брекситийн асуудлаас болж, Их Британи улсын эдийн засаг хэцүүхэн нөхцөл байдалд байгаа билээ. Хөрөнгө оруулагчид үүнийг мэдэж байгаа учир, шинээр зарлагдах 11-р сарын үзүүлэлтийг сайн гарна гэж хүлээгээгүй юм. Гэвч, үнэндээ түүнээс ч муу үзүүлэлт гарсан байна: өнгөрсөн сарынхтай харьцуулахад Их Британийн эдийн засаг 0.3%-иар агшсан нь 2019 оны 4-р сараас хойш байгаагүй их хэмжээний агшилт бөгөөд, өнгөрсөн жилийн энэ үеэс ердөө 0.6%-иар илүү эдийн засгийн өсөлт явагдсан нь 2012 оноос хойш байгаагүй муу үзүүлэлт юм.

НАДАД ЯМАР ХЭРЭГТЭЙ ВЭ?

Зах зээлийн хувьд: 

Их Британийн сонгууль дуусаж, Брексит хэрэгжих явцдаа байгаа учраас, Их Британийн эдийн засаг бага ч гэсэн “амсхийх” боломжтой болоод байна. Гэсэн хэдий ч Английн төв банканд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд бодлогын хүүний төвшинг бууруул гэсэн дарамт тулгараад байгаа юм. Түүнчлэн төв банкны комиссын нэг гишүүн энэ сард болох хуралдаанаар зөвхөн хүүний төвшинг бууруулна гэсэн саналтай байгаагаа хэлсэн юм. Даваа гарагт гарсан мэдээгээр паунд-стерлингийн ханш унасан бөгөөд үүнийг дагаад паундаар үнэлэгддэг Английн бондуудаас хөрөнгө оруулагчид мөнгөө татаж эхлэх магадлалтай юм.

 

Том зургаар нь харвал:

Английн автомашины үйлдвэрлэлийн сектор нь хэсэг хугацаанд хэцүү төлөвтэй байсан ба 11-р сард энэ байдал нь үргэлжилсэн бололтой. Харин Хятад улсын хувьд 7-р сараас цахилгаан машины татаас (мөнгөн тэтгэмж)-ыг бууруулахаа больсноо Даваа гарагт зарласнаар шинээр байгуулагдсан Tesla-гийн үйлдвэр болон түүний дотоод дахь өрсөлдөгч Хятадын BYD компаниудын хувьцаанд эерэгээр нөлөөлж, юанийн ханш өсөх шалтгаан болсон байна. Автомашины салбарт томоохон  шилжилт явагдаж байгааг эдгээр жишээнүүдээс харж болох бөгөөд, Nissan компани Renault-с “салж” тусдаа үйлдвэрлэл явуулах хүсэлтэй байгаа нь ч үүнтэй холбоотой байж болох юм. Nissan-ий удирдагчид Францын Renault компани нь тэднийг хойш нь татаж, хөгжихөд нь саад болж байна гэж үзэж байгаа юм байна. Гэвч Nissan бие дааж үйлдвэрлэл явуулж эхэлбэл, судалгаа хөгжүүлэлтийн зардал нь маш өндөр болно гэдгийг тооцоолох хэрэгтэй юм.