ЕТБ бонд худалдан авах хөтөлбөрөө зогсоож бодлогын хүүг хэвээр үлдээлээ

  • ЕТБ 2018 оны эцэс гэхэд бонд худалдан авах хөтөлбөрөө зогсоохоор боллоо.
  • Инфляци 2018-2020 онд дунджаар 1.7 хувь орчимд хадгалагдах хүлээлттэй байна.

 

Европын Төв банк (ЕТБ)-ны тэргүүн Марио Драги Евро бүсийн эдийн засаг ирээдүйд учирч болзошгүй эрсдэлийг даах хэмжээний хүчирхэг болж байгааг онцлоод 10 гаруй жил үргэлжилсэн эдийн засгийн хямралын үед авч хэрэгжүүлсэн бонд худалдан авах хөтөлбөрөө зосгоох болсоноо мэдэгдлээ.

Мөн бодлогын хүүг 2019 оны зун хүртэл өнөөгийн түүхэн доод түвшинд хадгална гэсний дараа еврогийн ханш суларлаа.

Марио Драгигийн ихээхэн тодорхойгүй шийдвэрүүд дунд бонд худалдан авах хөтөлбөрийг бууруулах шийдвэр хамгийн тодорхой байсан юм.

Хөрөнгө оруулагчид Евро бүсийн эдийн засгийг АНУ-ын гадаад худалдааны татварын асуудал, Италийн популист Засгийн газрын асуудал зэргийг даах хэмжээний чадавхитай, сайжирсан гэж дүгнэж байгаа юм.

Марио Драги “Өнөөгийн эдийн засгийн тодорхойгүй байдалд Евро бүсийн эдийн засаг сэргэж байгаа учраас энэхүү шийдвэрийг гаргалаа” гэв.

ЕТБ-ны шийдвэр АНУ-ын Төв банкны бодлогын хүүгээ өсгөх шийдвэрээс хэдхэн цагийн дараа гарсан бөгөөд энэ сарын ЕТБ болон ХНБ-ны хурлаар сүүлийн 10 гаруй жил Европ болон АНУ-д үргэлжилсэн мөнгөний нийлүүлэлт хумигдах нь тодорхой боллоо.

Эсрэгээрээ БНХАУ-ын Төв банк мөнгөний зөөлөн бодлого баримталж байгаа бол Японы Төв банк өнөөгийн бодлогоо хэвээр үлдээгээд байна.

Блүүмбергийн эдийн засгийн шинжээчдийн судалгаагаар ирэх жилийн дунд гэхэд санхүүжилтийн хүү (borrowing cost), зардал өсөх хүлээлттэй байгаа төдийгүй тэдний тэн хагас нь ЕТБ бонд худалдан авах хөтөлбөрөө ирэх жилийн 7 сард зогсооно гэж таамаглаж байсан юм.

“Дунд хугацаанд инфляци зорилтот 2 хувийн түвшиндээ хүрэх хүртэл хугацаанд бодлогын хүүг түүхэн доод түвшинд хадгалах төдийгүй инфляцийн хэлбэлзлээс хамааран бодлогын хүүг өөрчлөх эсэхийг шийднэ. Ирэх жил бидний шийдвэр буруу байгаагүй гэдгийг батлана гэж найдаж байна” гэж Драги хэвлэлийн бага хурлаар хэлжээ.

Эх сурвалж: bloomberg.com