Трамп Саудын Араб гарцаа нэмэгдүүлэх болсон талаар жиргэж газрын тосны ханш буурав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иран улсын газрын тосны экспортын хэмжээ буурч зах зээлд тэнцвэргүй байдал бий болж буй энэ үед Саудын Арабтай газрын тосны гарцыг нэмэгдүүлэх талаар ярилцаж Саудын Араб гарцаа нэмэгдүүлэх болсоныг Твиттер хуудаснаа бичсэний дараахан газрын тосны фьючерс ханш уналаа.

Олон улсын газрын тосны жишиг ханш Брент төрлийн газрын тосны ханш 75 цент буюу ойролцоогоор нэг хувиар суларч 78.48 ам.долларт хүрчээ. Нью-Йорк дахь таваарын зах зээлд газрын тосны фьючерс ханш 40 центээр буурч 73.75 ам.долларт тус тус хүрэв.

Бямба гаригт Трамп Иран болон Венесуэль улсын гарц танагдаж зах зээлд тэнцвэргүй байдал давамгайлж байх үед Саудын Арабын хаан Салмантай тус улсын газрын тосны өдрийн гарцыг 2 сая баррель хүртэл нэмэгдүүлэхээр тохиролцсоноо мэдэгдсэн юм.

Иран улс үүний хариуд ОПЕК-ийн орнуудыг дангаараа дур мэдэн шийдвэр гаргахгүй байхыг уриалсан юм.

2015 онд АНУ болон Иран улсын хооронд байгуулсан цөмийн зэвсгийн гэрээг цуцлах болсонтой холбогдуулан Трамп Теграны эсрэг дахин хориг тавьснаар түүний удирдлагын багийхан өнгөрсөн 11 дүгээр сараас хойш Иран улсын импортын газрын тосны хэмжээг бууруулах арга хэмжээ авч бусад улсыг уриалсаар байгаа юм.

Нэг долоо хоногийн өмнө ОПЕК болон түүний түнш орон ОХУ газрын тосны гарцаа нэмэгдүүлэхээр тохиролцож хэр хэмжээгээр нэмэгдүүлэх болсоноо албан ёсоор зарласан билээ.

Өөрөөр хэлбэл, ОПЕК-ийн орнууд өдрийн гарцаа 700,000-1,000,000 баррелиар нэмэгдүүлэхээр болсон юм. Трампын хүсэлт болох гарцыг 2 сая баррелиар нэмэгдүүлснээр зах зээлд илүүдэл бий болгож болзошгүй.

Олон улсад худалдааны маргаан ширүүсч байгаатай холбогдуулан газрын тосны ханш мөн тогтворгүй хэлбэлзэлтэй байгаа юм. Хөрөнгө оруулагчид АНУ-ын татварын шинэчлэл болон бусад улс орнуудын хариу үйлдэл, арга хэмжээнүүд дэлхийн эдийн засгийн өсөлт болон газрын тосны эрэлтийг бууруулж болзошгүй гэж эмээж байгаа юм.

 

Эх сурвалж: Investing.com